Өдөрт хоёр, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна

84339

Монгол Улсад ганцхан өдрийн дотор зам тээврийн ослын улмаас арван хүн нас барж, 15 хүн хүнд, хөнгөн гэмтлээ гэвэл та итгэх үү. Итгэхгүй байж болох ч энэ бол бодит тоон мэдээлэл. Өнгөрсөн даваа гаригт зам тээврийн ослын улмаас орон нутгийн замд нийтдээ 10 хүн нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Харин нийслэл хотод зам тээврийн ослын улмаас 15 хүн хүнд, хөнгөн бэртэж, азаар амиа алдалгүй үлджээ.

Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын “Замчдын овоо” гэх газар Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлд явж байсан “Nissan” автомашин онхолдож, жолооч 23 настай эрэгтэй Э, Өлзийт тосгоны харъяат 54 настай эрэгтэй Ж, 40 настай эрэгтэй М, дөрвөн настай эрэгтэй О нарын дөрвөн хүн газар дээрээ нас баржээ. Мөн Өмнөговь аймаг, Баяндалай сумын “Охин хөтөл” гэх газар “Land cruiser-100” автомашин онхолдож, жолооч тус аймгийн 1-р баг Баруун сайханы … тоотод суух, 25 настай, эрэгтэй Е эмнэлэгт хүргэгдэж ирээд нас барсан байна. Түүнчлэн Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сумын 2-р баг Дунд халзан гэх газар “Маяти” автомашин уулын уруу онхолдож Г, Ц, О, Б, Б нарын таван хүн газар дээрээ нас барсан харамсалтай хэргүүдийг цагдаагийн байгууллагад тус тус шалгаж байна.

-15 ЖИЛИЙН ДОТОР 6155 ХҮН ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН УЛМААС АМИА АЛДЖЭЭ-

Монгол Улсад Зам тээврийн ослын улмаас өдөрт хамгийн багадаа 1-2 хүн, сард 44, жилд 530 хүн амь насаа алдаж байна гэсэн тоон мэдээлэл байна. Хэдхэн хоногийн өмнө Францад болсон халдлагын үеэр 150 орчим хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, дэлхий даяараа харамсан гашуудав. Манайхан ч дутсангүй. Дээрх халдлагатай жишвэл манай улсад жилд 3-4 удаа бөмбөг дэлбэрч, нэг удаагийн халдлагад 150 орчим хүн амь үрэгдсэнтэй тэнцэх хэмжээний аймшигт хохирол учирсан байх нь. Гэтэл энэ их хүний алтан амь үрэгдсэнийг бид яагаад тоохгүй, эмгэнэхгүй байна вэ.

Гуравхан хоногийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас авто замын ослын хохирогчдын дурсгалыг хүндэтгэх өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх арга хэмжээ болов. Манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ “Хэн ч зарлаж завдаагүй дэлхийн гуравдугаар дайн” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Чингисийн талбайд зам тээврийн ослоор хохирогсдод дуугүй зогсож хүндэтгэл үзүүлж, зул өргөсөн. Энэ үеэр Замын цагдаагийн газраас Монгол улсад 2001-2015 оны байдлаар 70722 хүн зам тээврийн осолд өртсөнөөс Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын нормын эсрэг гэмт хэргийн улмаас 6155 хүн амь насаа алдаж, 17882 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан гэх аймшигт тоон мэдээллийг дуулгалаа. Үүнээс 2015 оны эхний 10 сард 501 хүн амиа алдсан байх юм.

Л.АМАРЖАРГАЛ: ЖОЛООЧ НАР БИЕ БИЕДЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДААЧ

ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас зам тээврийн осол гэмтэл гарах шалтгааны талаар тодрууллаа.

-Өнгөрсөн даваа гаригт зам тээврийн ослын улмаас 10 хүн алтан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тухайн осол хэргүүдийн шалтгаан нөхцөл тогтоогдсон уу?

-Одоогоор тогтоогдоогүй байна. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад байгаа осол хэргийн шалтгааныг таамаглан хэлж болохгүй.

-Орон нутгийн замд осолдох хамгийн том шалтгаан, хүчин зүйл нь юу вэ?

-Осол гарах хамгийн том шалтгаан бол хурд. Дараа нь орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч нар гэрлээ ерөөсөө шилжүүлдэггүй нэг асуудал бий. Энэ нь өөрт нь байг гэхэд бусад хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт маш их хүндрэл учруулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар болон Ус цаг уур орчны шинжилгээний газраас цаг агаар хүндэрч, цасан шуурга шуурах гэж байна, онцын шаардлагагүй бол хөдөө орон нутаг руу явах ажлаа хойшлуулахыг сануулсан сэрэмжлүүлгийг байнга өгч байна. Гэтэл энэ бүхнийг тоохгүйгээр цасан шуургатай үед хөдөө орон нутаг руу гараад явчихдаг хайнга хэнэггүй байдлаас болж машин нь эвдрэх, бензин дуусах, дугуй нь хагарах гэх мэт наад захын хүндрэлд ордог. Цаашлаад осол гаргаж, замын хажуу руу өнхөрч амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

-Өвлийн улирал эхэлсэн, халтиргаа гулгаатай холбоотой осол хэрэг нэмэгдэж байна уу?

-Хөдөө орон нутгийг чиглэн явах гэж байгаа жолооч нар хамгийн гол нь тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах зайлшгүй шаардлагатай байна. Өвөл болчихсон, халтиргаа гулгаа үүссэн энэ үед замын зорчих хэсэг, гадаргууны байдал хүндэрсэн. Тиймээс цаг агаарын нөхцөл байдалдаа тааруулан тээж яваа ачаагаа тохируулж, тээврийн хэрэгсэл хоорондын болон хажуугийн зайг тааруулж хөдөлгөөнд оролцмоор байна. Хөдөө орон нутгийн замууд өгсүүр, уруу ихтэй. Нийслэлд ч өгсүүр, уруу зам их бий. Үүнтэй холбоотойгоор хий гулгах, дээшээ өгсөж чадахгүй, эсвэл доошоо гулгаж автомашинтай мөргөлдөж, шүргэлдэх хэлбэрээр осол аваар нэлээд гарч байна. Тиймээс заавал осол аваарт өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоосоо өмнө автомашиныхаа дугуйг солиоч гэж жолооч нартаа дахин дахин анхааруулмаар байна.

-Зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тоо буурч байна уу?

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын зуны дугуйтай хөдөлгөөнд оролцох байдал буурахгүй байна. Замын цагдаагийн газраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зуны дугуйгаа солихыг анхааруулж, сэрэмжлүүлсээр байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Жолооч нар энэ асуудалд маш хойрго хандсанаас зам тээврийн осол гарах нэг том хүчин зүйл болоод байна.

-Зөвхөн жолооч нарыг буруутгах хэрэггүй, эвдэрхий замаас болж осол гарч байна гэх хандлага бас байна. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Орон нутгийн замуудад үүссэн эвдрэл элэгдлээс болж зам тээврийн осол гарч байгаа тохиолдлууд бий. Үгүйсгэхгүй. Тухайлбал, долоон метрийн өргөнтэй байх ёстой замын хоёр талаас элэгдэж, 6.50 см болсон зэрэг тохиолдлууд бий. Энэ мэт шалтгаанаас болж урсгал сөрөх ч юм уу хоорондоо зөрөх зай багассанаас мөргөлдөх гэх мэт ослууд гарах нь бий. Гэвч эцэстээ энэ бүхэн жолооч нарын хариуцлагатай шууд холбоотой юм. Тиймээс энэ мэт эрсдэлийг тооцож, хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг жолооч нартаа дахин дахин сануулмаар байна.

Medee.mn

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …