УИХ-аас өнгөрсөн онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн төслийг баталснаар иргэд, даатгуулагчдын 1990-1995 оны хооронд ажиллаагүй хугацааг ажилласнаар нөхөн тооцуулах, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй бол нөхөн төлөх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Иргэд, даатгуулагчид дээрх хуульд хамрагдахын тулд тухайн оныхоо арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлэх болсон.
Иргэний нийгмийн даатгалаа нөхөн төлүүлэх бүртгэлийн хугацааг наймдугаар сарын 1-н хүртэл сунгаад байгаа билээ. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан мэдээгээр одоогоор уг бүртгэлд нийтдээ 298,7 мянган иргэн хамрагдаад байгаа аж.
Урьдчилсан байдлаар 400 орчим мянган иргэн хуульд хамрагдах болов уу гэсэн тооцоолол байсан, үүнийг бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн иргэдтэй харьцуулахад 75 орчим хувь нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах бололцоотой болсон юм байна.
З.Байгалмаа