Хальтирч унаад гэмтсэн бол хохирлоо яаж барагдуулахыг мэдэж аваарай

halit
-Хамгийн эхлээд утсаа ашиглан зураг авч, бичлэг хий-

Өвлийн эхэн сар дөнгөж эхэлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын гудамж талбай мөсөн гулгуурын талбай мэт болжээ. Өнгөрсөн жил урьд урьд жилүүдээс дулаахан байсан болохоор ч тэр үү, нийслэлчүүд бид муу зан сурчихаж гэхэд хилсдэхгүй биз. Учир нь ойрын хэд хоног цаг агаар эрс сэрүүсч, хүйтний эрч чангарч, жавар ч хайрч эхлээд байна. Цаашдаа ч хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа гэдгийг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс сануулж байгаа юм. Их хэмжээний цас унаснаар гудамж талбай цас, мөсөнд дарагдаж, хальтиргаа гулгаа ч нэмэгдэж байна. Үүний улмаас унаатай нь гэлдэрч, унаагүй нь бээцийн алхаж, унахгүйн тулд хэрэндээ хичээнэ. Тийм ч учраас улаанбаатарчууд өвөлдөө уран гулгалтын тамирчин гэх хэлц гараа биз. Нөхцөл байдал ийм байгаа учраас ММ энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аараа зам, талбайн хальтиргаа гулгаа, үүнээс үүдсэн осол гэмтлийн талаар хөндөхийг зорив.

Хальтирч унан гэмтэх иргэдийн тоо ихэсчээ

Манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Монголдоо ганц байх Гэмтэл согог судлалын үндэсний төвийг зорилоо. Тус төвийн гаднах талбайд машин тавих зайгүй, дотор нь хөл тавих зайгүй шахам л хөл хөдөлгөөнтэй байлаа. Хүлээн авах төвийнх нь хаалгаар орж, хальтиргаа гулгаанаас болж гэмтсэн хүмүүсийг хааш нь шилжүүлж байгаа талаар холбогдох хүнээс асууж, тухайн тасгийг зорилоо. Хальтирч унах үед ихэвчлэн битүү гэмтэл үүсдэг учраас битүү гэмтэлтэй иргэдийг Яаралтай тусламжийн тасагт хүлээн авч байв.

Яаралтай тусламжийн тасгийн үүдэнд олон хүн дугаарлан зогсчээ. Зарим нь суга таяг тулж, зарим нь хүүхдээ үзүүлэхээр ирсэн байх аж. Мөн хөлөө байн байн дарж бага зэрэг ярвайн зогсох өсвөр насны хүү ч тэдний дунд зогсч буй харагдсан. Түүнээс яаж яваад гэмтсэнийг нь сонирхон асуувал, “Уначихсан юм аа” хэмээн өвдөж байхад юун хэрэгт дуртай юм бэ гэсэн байдалтай төвөгшөөсөн янзтай хариулах аж. Хүү гэртээ харих чиглэлийн автобуснаасаа хоцрохгүй хэмээн гүйж явахдаа хальтирч унаад хөлөө гэмтээжээ. Улмаар тухайн үедээ тоолгүй орхисон ч, сүүлдээ хавдаж, чинэрч өвдөх болсноор эмнэлэг бараадаж буй нь энэ аж. Энэ мэтээр хальтиргаа гулгаатай холбоотойгоор гэмтэн Яаралтай тусламжийн төвд ирэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн гэнэ. Энэ өрөөнд гэмтлийн их эмч Г.Амармэнд ажиллаж байв. Тухайн үед үдийн 12.00 цаг болж байсан юм.

Харин энэ өдрийн 12.00 цаг хүртэл Г.Амармэнд эмчийн үзсэн өвчтөнүүд дунд хальтиргаа, гулгаатай холбоотойгоор гэмтсэн гэх шалтгаантай хоёр хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай тэрбээр ярьсан.  Цас орсноор зам талбайн хальтиргаа гулгаа ихэсч, улмаар тус төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэх иргэдийн тоо энгийн үеэс эрс нэмэгдсэн тухай эмч мэргэжилтнүүд ярих аж. Үүнийг дагаад тэдний ачаалал ч нэмэгдсэн байна. Гэмтэж бэртсэн өвчтөнүүд дугаарлан зогсч, ээлжээ хүлээж  байсан тул бид өөр эмчээс зарим зүйлийг тодруулахаар цааш хөдөлж, Хүлээн авах яаралтай тусламжийн их эмч Ц.Эрдэнэтэй уулзаж, завгүй ажлынх нь зуурт цөөн хором ярилцлаа.

Ц.Эрдэнэ: Гутлаа сонгохдоо сайн анхаарах хэрэгтэй

/Хүлээн авах яаралтай тусламжийн их эмч/

-Сүүлийн нэг сарын хугацаанд цас их орсонтой холбоотойгоор зам талбайн хальтиргаа, гулгаа нэмэгдсэн. Үүнээс үүдэлтэйгээр бэртэж гэмтэн танай төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгдсэн үү?

-Цас унаснаас хойш ерөнхийдөө бэртэж, гэмтэх иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Ер нь манайд өдрийн цагаар л гэхэд нэг ээлжиндээ дөрвөн эмч гарч байна. Хамгийн түрүүнд гэмтэж, бэртсэн иргэдийн гэмтсэн шалтгааныг нь бүртгэж авч ажилладаг. Энэ бүх үзлэгийн тэмдэглэлийг нягталж, тодорхой тоон баримтыг гаргадаг Тандалт судалгааны алба манай төвд ажилладаг. Тиймээс тус албанаас хальтиргаа гулгаатай холбоотойгоор гэмтэж бэртсэн хүмүүсийн тодорхой тоон мэдээллийг харах боломжтой. Ерөнхийдөө өдрийн цагаар хальтиргаа, гулгаатай холбоотойгоор бэртэж гэмтэх иргэдийн тоо эрс нэмэгдсэн.

-Иргэдийн хувьд хальтиргаатай зам, талбайд унасан ч тэр бүр тоохгүй байх нь элбэг байдаг. Үүнээс үүдэлтэйгээр үүсч болзошгүй хүндрэл бий юу?

-Хальтирч унаад түүнийгээ тоохгүй орхих үзэгдэл иргэдийн дунд их байна. “Хальтраад уначихсан юм аа. Гайгүй байхаар нь гэртээ хэд хонож байгаад ирлээ” гэх мэтчилэн ярьж ирэх иргэн олон байдаг. Унаад хөл, гараа гэмтээхээс гадна тархи толгойны гэмтэл авсан хүн их байна. Унаад тархи доргичихлоо гээд бариачаар яваад, явж явж бүр болохоо болиод унаж татаад ирэхээрээ манай төвд ирдэг хүн ч бий. Гэмтсэн даруйдаа эмнэлгийн байгууллагад үзүүлэлгүй хайхралгүй явсаар байгаад хүндрүүлчихээд ирэх тохиолдол маш их гардаг. Мөн хөнгөн зэргийн гар, хөл гэмтэх тохиолдол байна. “Хальтирч унаад хөлөө эвгүй болгочихсон юм. Доголоод хэд хоног явчихсан чинь битүү хавдчихлаа. Цус хурчихлаа” гэх мэтээр өвчнөө хүндрүүлээд, үрэвсүүлчихээд ирэх хүн ихэсч байна.

-Тэгвэл иргэд юуг анхаарах ёстой вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

-Иргэд өөрсдөө хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй байна. Юу вэ гэхээр цас мөстэй, хальтиргаа ихтэй замаар явахдаа анхаарал болгоомжтой явах, мөстсөн хэсгийг тойрч гарах, аль болох хальтрахгүй гутлыг сонгож өмсөх хэрэгтэй. Хальтирдаг ултай гутал өмссөнөөр унаж, гэмтэх тохиолдол их байдаг. Тиймээс гутлаа сонгохдоо анхаарах шаардлагатай байна.

-Харин албан байгууллагуудын хувьд?

-Албан байгууллагууд ойр орчмынхоо цасыг өглөөдөө сайн цэвэрлэж байх шаардлагатай. Аль нэг байгууллага руу орж яваад хальтирч унаад гэмтчихлээ, сургууль, цэцэрлэгийн гадаа бэртчихлээ гээд манай төв дээр ирэх хүмүүсийн тоо маш их байдаг. Тиймээс гаднах талбайн цэвэрлэгээнд сайтар анхаарах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна. Бүх байгууллагууд өөрт ногдох талбайн цасыг цэвэрлээд хэвшчихвэл хальтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтэх иргэдийн тоо тодорхой хувиар буурна гэдэгт итгэлтэй байна.

Он гарсаар 75238 хүн хүнд, хөнгөн гэмтжээ

Манай сурвалжлах хэсэг Ц.Эрдэнэ эмчтэй ийн ярилцсаныхаа дараа түүний зөвлөсөн ёсоор тус төвийн Тандалт судалгааны албаныхантай уулзаж, баттай тоон баримт бүхий мэдээллийг өгөхийг хүссэн юм. Хэдийгээр завгүй ажилтай байсан ч, цааргалалгүй энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд хальтиргаа, гулгаатай холбоотойгоор бэртэж гэмтсэн хүний тоон мэдээллийг гаргаж өгсөн юм.

Тодруулбал, дээр дурьдсан хугацаанд бэртэж, гэмтэн тус төвөөр үйлчлүүлсэн иргэдийн тоо нийт 75238 байх бөгөөд үүнээс 313 нь зам, талбайн хальтиргаа гулгааны улмаас бэртсэн байна. Хальтирч унан гэмтсэн иргэдийг хүйсээр нь ангилж үзвэл 148 эмэгтэй, 165 эрэгтэй байгаа юм. Харин насаар нь ялгавал дийлэнх нь 16-аас дээш насныхан байгаа аж.

Гөлгөр хавтан мөсөн гулгуур л гэсэн үг
“Явган хүний зорчдог хэсэгт хальтиргаа, гулгаа ихтэй явахад хэцүү байна”

Энэ бол Сүхбаатар дүүргийн иргэн Б.Энхтайвангийн хэлсэн үг. Уг нь цас орохтой зэрэгцэн ТҮК-ийн ажилтнууд зам талбайн цасыг шүүрдэж, мөстсөн хэсгийг хүрзээр цохин ховхолж, цэвэрлэж, харин Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс төв зам, олон нийтийн талбайд давс цацан хайлуулдаг хэдий ч явган зорчигчдын зорчих зам талбай, гудамжийг тоолгүй орхих нь элбэг байдаг талаар хүмүүс ярьж байна.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн иргэн А.Энхжин гэх эмэгтэйн яриагаар “Хүчит шонхор” захын доторх зам эдүгээ мөсөн гулгуур шиг болсон гэнэ. Өглөө ажилдаа явахдаа зах дундуур замаар явдаг бөгөөд ингэхэд их л анхаарал болгоомжтой явахгүй бол хальтирч унах аюултай аж. Ерөнхийдөө тэр хавийн явган хүний замыг цас орсоноос хойш нэг ч удаа цэвэрлээгүй учир иргэд гулгаж буй мэт л болгоомжтой явах болжээ. Харин Сүхбаатар дүүргийн иргэн Б.Энхтайван гэгч эрэгтэй “Цас, мөсийг хайлуулна гээд давс, бодис нөөцөлдөг гэж дуулдсан. Төв замын дагуу л цацдаг юм шиг байгаа юм. Захын хорооллын замд цацаж байгаа нь харагддаггүй. Явган хүний зорчдог хэсэгт хальтиргаа, гулгаа ихтэй явахад хэцүү байна. Давс цацдаггүй юм аа гэхэд нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэчих хэрэгтэй шүү дээ” хэмээн бухимдсан.

Иргэдийн зүгээс ялангуяа өвлийн улиралд ихээхэн шүүмжлэлттэй ханддаг асуудал нь гөлгөр хавтангаар явган хүний зам тавьдаг асуудал аж. Бидний нэрлэж заншсанаар Чингэлтэй дүүргийн шүүхийн буудал буюу Самбуугийн гудамж дагуух явган хүний замыг гөлгөр хавтангаар хийсэн тул энэ хэсгээр явсан иргэд мөсөн гулгуур дээр “тоглож” буй аятай явдаг аж.

Энэ л үед өнөөх уран гулгалтын тамирчин гэдэг үг санаанд орж байлаа. Үнэндээ ийм хавтанг дулаан оронд хэрэглэх бөгөөд эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд огт зохимжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа ч, одоо хүртэл ашигласаар байгаа аж. Мөн зарим байгууллагын гаднах шат ч ийм гөлгөр хавтангаар хийгдсэн тул иргэд хальтирч унан, бэртэж гэмтэх тохиолдол их байдаг аж.  Ийм замд цас тогтохгүй хурдан хугацаанд арилдаг ч, явган хүн явахын аргагүй хальтиргаатай болдог байна.

Яг энэ зам дээр өндөр настнууд ихэвчлэн бэртэж гэмтдэг аж. Өндөр настай хүмүүсийн яс сийрэгжсэн байдаг учраас тэдний гарын шуу, хөлийн шилбэний яс гэмтэх тохиолдол олон байдаг гэнэ. Жил бүрийн өвөл  ийм асуудал гарч байгаа ч, энгийн үзэгдэл мэт хандаж буй нь хачирхалтай. Мөн гарц хэсэгт хийгдсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу мөсөн гулгуур л гэсэн үг. Энэ хэсгийг ч мөн гөлгөр хавтангаар хийсэн байх юм. Цас орсон үед энэ налуугаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр өгсөх нь байтугай буцаж гулгаад унах аюултай харагдсан.

Аж ахуйн нэгжүүд 50 метр доторх зам, талбайг цэвэрлэх үүрэгтэй

Мөн нэг асуудал нь аж ахуйн нэгжүүд хотын захиргаанаас баталсан журамд заасны дагуу ойр орчмынхоо 50 метр доторх зам, талбайг цэвэрлэх ёстой боловч бараг цэвэрлэдэггүй гээд хэлчихвэл хэтийдэхгүй. Байгууллагын гадна хальтирч унан, гэмтсэн гэх иргэдийн тоо их байгааг эмч мэргэжилтнүүд ч онцолж байсан. Бид хэд хэдэн зам дагуух үйлчилгээний байгууллагыг ажигласан юм.

Зарим нь шат, ойр орчмоо огт цэвэрлээгүй байгаа бол зарим байгууллага нь шат, үүд хэсгийн багахан хэсэг газрыг шүүрдсэн байгаа нь харагдсан. Угтаа 50 метр доторх зам, талбайг цэвэрлэх ёстой ч, тоог нь тав гэж андуурсан юм биш байгаа гэж халагламаар багахан талбайг цэвэрлэсэн нь чамлалттай санагдаж байлаа.

С.Батхүү гэх 40 орчим насны эрэгтэй нэгэн цайны газрын гаднах талбайн цасыг цэвэрлэж байхтай бид таарлаа. Түүний хувьд цайны газарт ажилладаггүй бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн аж. Тус аж ахуйн нэгжийн холбогдох ажилтан түүнийг цөөхөн хэдэн төгрөгөөр цалинжуулж, энэ талбайн цасыг цэвэрлүүлж байгаа гэсэн. Гэхдээ машин зам дагуух явган хүний замд тулгаж цэвэрлэж байгаа нь харагдсан. Тэр хөлдсөн хэсгийг хүрзээр цохиж, цасыг ховхлох бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд багтах уг явган хүний замыг харин огт хайхралгүй орхиж байсан юм.

Иргэд хохирлоо барагдуулж болно

Хэдэн жилийн өмнө нэг найз маань худалдаа үйлчилгээний байгууллага руу орох гэж яваад үүдэнд нь хальтирч  унан, улмаар шилэн хаалгыг нь хагалж билээ. Тухайн үед найз маань нуруугаа гэмтээсэн ч тус байгууллагын хүмүүс найзын маань биеийн байдалд огт санаа тавилгүй харин ч хаалганы мөнгөө нөхөн төлүүлэхээр загнаж зандарч, хэдэн төгрөг авч байсан санагдана. Одоо ч ийм явдал гарах тохиолдол байдаг юм билээ. Байгууллага, аж ахуйн нэгж үүдэндээ үйлчлүүлэгчдийг хальтирч унахаас сэргийлсэн тусгай наалтыг наах ёстойгоос гадна, ойр орчмын 50 метр доторхи талбайг цэвэрлэсэн байх ёстой.

Гэвч иргэд хууль дүрмийн мэдлэггүйгээсээ болоод  хальтирч унасан ч, ямар байгууллагын ойролцоо бэртсэн  гэдгээ огт анхаардаггүй орхидог учраас дээрх байгууллагууд хариуцлагаас мултардаг байна. Уг нь хуульд “…Гаднах орчныхоо хальтиргаа гулгаатай талбайг цэвэрлээгүйн улмаас иргэд бэртэж гэмтвэл эмнэлэг, эмчилгээний зардлыг тухайн байгууллага хариуцна” гэсэн заалт бий. Тиймээс энэ заалтыг иргэд мэддэг байх нь чухал юм. Үүнээс гадна байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн баталгаажсан талбайн цасаа цэвэрлэхгүй, хальтиргаа, гулгаа үүсгэсэн нөхцөлд тухайн байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцлах хүртэл заалт бий.

Тиймээс эзэмшил газар, түүнээс гадна 50 метр зайд хальтиргаа, гулгаа үүсч, иргэд бэртэж гэмтэх, автомашин мөргөлдөж осол гарвал хариуцах ёстой ажээ. Ийм тохиолдолд гэмтсэн иргэний эмчилгээний зардал, олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн байгууллага хариуцах юм байна. Харин энэ журмын хэрэгжилтэд дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хамтран хяналт тавих ёстой аж. Үүний дагуу хууль журмыг мөрдөөгүй байгууллага, аж ахуйн нэгжийг Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагч, хорооны Засаг дарга нар торгох эрхтэй юм байна. Торгохдоо байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлж хариуцлага тооцно гэж Хог хаягдлын тухай хуульд заажээ. Ийм байтал холбогдох байгууллагаас эмчилгээний зардал, нөхөн олговор гаргуулсан хүн бараг үгүй байх юм.

Мөн үүнд нэг анхаарах ёстой зүйл нь иргэд аль нэг байгууллагын үүдэнд хальтирч унан бэртсэн тохиолдолд хуульд заасан эмчилгээний зардлыг тухайн байгууллагаар төлүүлэхийн тулд иргэд баримтжуулсан байх шаардлагатай гэнэ. Тиймээс гар утас, мэдээллийн технологи өндөр хөгжсөн өнөө үед иргэд гар утсаараа бичлэг хийх, эмнэлэг, цагдаагийн байгууллагаас тусламж хүсэх, бүр өөр хэн нэгэн иргэнээс тусламж хүсэх зэргээр баримтжуулах олон боломж бийг албаны хүн сануулсан юм. Хамгийн гол нь ингэснээр  тухайн байгууллагаас хохирлоо бүрэн гаргуулах үндэслэл бий болох юм.

Харин олон нийтийн эзэмшлийн зам, талбайг хот тохижилт үйлчилгээнийхэн буюу нэг ёсондоо төр хариуцдаг учир гомдлоо хотын захиргаанд гаргаж болно гэсэн үг. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд хальтиргаа үүсгэхгүйн тулд цасыг цэвэрлэхэд зориулж их хэмжээний мөнгө төсөвлөдөг. Үүгээр нь хот тохижилтынхон цас хайлуулах бодис, давс цацах үүрэгтэй юм байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ жил 575 тонн цас хайлуулах бодис нөөцөлсөн  аж. Ямартай ч ойрын өдрүүдэд хальтиргаа гулгаа улам ихээр нэмэгдэнэ гэж байгаа болохоор өмсч яваа гутлаа хальтрахгүй байх арга хэмжээ авахаас гадна, хальтирч унаад гэмтлээ гэхэд дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэхээ мартав даа, иргэд минь.

Монголын мэдээ
Б.Даваахүү

Санал болгох мэдээ

А.Амбасэлмаа:Өнөөдрийн батлагдсан тохиолдлын зарим нь оюутан, сурагчид байсан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 578 тохиолдол бүртгэгдээд байна. …