“Ботго авахуулах зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгүүллээ

1201050008“БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ” ЮНЕСКО-ГИЙН  “ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТ”-Д БҮРТГЭГДЛЭЭ
Намиби Улсын нийслэл Виндхук хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан 2015 оны 11 сарын 30-наас 12 сарын 4-ний өдрүүдэд болж байна. Хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссийн төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улс нь ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийнЗасгийн газар хоорондын Удирдах хорооны гишүүнээр 2013 оноос сонгогдон ажиллаж байна.

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлийн биет бус өвийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Ботго авахуулах зан үйл”  нь Удирдах хорооны 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдан бүртгэгдлээ.
Тус жагсаалтад манай улсаас :
– Монгол цуур 2009 онд,
– Монгол тууль 2009 онд,
– Уламжлалт бүжиг бий-биелгээ 2009 онд,
– Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх өвөрмөц арга битүү амьсгаа 2011 онд,
– Монгол уран бичлэг 2013 онд  тус тус бүртгэгдсэн билээ.Ийнхүү “Ботго авахуулах зан үйл” нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бусөвийн жагсаалтад 6 дахь өвөөр бүртгэгдлээ. Тус хуралдаанаар Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бусөвийн жагсаалтад 8  улс өөр өөрсдийн 8 өвийн зүйлийг нэр дэвшүүлснээс Удирдах Хороо нь 5 өвийг бүртгэн авлаа.

Өвийн зүйлийн тайлбар:
Монголчууд зуун зууныг дамнан мал сүргээ адгуулан маллаж ирэхдээ малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад “хөөс” хэмээх тухайлсан аялага, дуу-дохиог  хэрэглэж ирсэн уламжлалтай. Хөөслөн аргадах энэ аргыг тэмээчин айлын эзэгтэй бүр эзэмшсэн байх боловч энэ арга амжилт олохгүй тохиолдолд дуу, хөгжимд мэргэшсэн ардын авъяастан оролцох зайлшгүй шаардлага гарах бөгөөд хэрэв тухайн хот айлд уг зан үйлд мэргэшсэн авъяастан байхгүй бол өөр газраас тусгайлан урих явдал гардаг. Энэ тохиолдолд эх малд төл авахуулах зан үйл нь шүлэг, дуу, хөгжим, түүний дотор морин хуур, аман хэл хуур тоглох, лимбэ эгшиглүүлэх зэргээр ганц нэг бус өөр өөрийн үүрэг бүхий мэргэшсэн хүмүүс хамтаар оролцдог илүү нийлмэл цогц шинж бүхий зан үйл болон өргөждөг.

Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг анхандаа үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна. Энэ бол монгол ардын дууны сонсголон, яруу ая эгшгийн нөлөөлөх их хүч юм. Ингийг хөөслөхдөө малчин хүн тухайн ингэ ямар ая аялгуунд уярч, сэтгэл зүйн ямар хариу үйлдэл (reaction) үзүүлж буйг соргогоор мэдэрч, заримд удаан уянгалаг, заримд гэгэлгэн хайлган аяыг сонгон хөөслөдөг.

Монгол малчид ийнхүү өөр өөрийн аргаар гологдсон төлийг эхэд нь авахуулдаг боловч ийм ажилд нарийн мэргэшсэн хүмүүс бусдаасаа ялгаран гарч, тэднийг нутаг орныхон нь урин залж гологдсон төл буюу өнчин төл авахуулах зан үйл гүйцэтгүүлдэг уламжлалтай.Ботго авахуулах зан үйл нь тэмээн сүргийн голлох нутаг болох говийн аймгууд, түүний дотор Өмнөговь, Баянхонгор, Дундговь аймгийн говийн сумдын тэмээчдийн хувьд тэмээ маллах, ботго төлөө бойжуулах арга ажиллагаа, ахуй зан үйл, ёс заншил, аман билгийнх нь салшгүй бүрэдэхүүн хэсэг болж үеэс үед өвлөгдөж, баяжин хөгжиж ирсэн юм.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …