Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, ШУА, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран өнөөдөр Төрийн ордонд Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээсэн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж сонордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ:
“Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,
Хүндэт зочид оо,
Их эзэн Чингис хааны эрхшээн соёрхсон, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотын 795 жилийн ойн баярын мэндчилгээг ард түмэндээ өргөн дэвшүүлье. Түүхийг бүтээсэн ухаант өвөг дээдэстээ мэхийж, алдар сууг нь бишрэн хүндэтгэе.
Хархорум хот холын газар, усны уртаас түмэн хэлийн хүн цугларсан дэлхийн их гүрний нийслэл байсан. Монголчууд морин өртөө, цаасан мөнгө, гүрэн улсыг холбосон их зам, төр цэргийн удирдлагын ид хавыг Хархорумаас дэлхийд түгээж байсан юм. Монголын эртний төрт улсуудын хаадын өргөө, нийслэл ч Орхоны хөндийд оршиж байсан түүхтэй. Хархорум бол Монголын Буддын шашин, соёлын тодрон гэрэлтсэн өлгий нутаг, ариун дагшин газар билээ.
Монголчууд түүхийн ээдрээ, нугачаатай урт замыг туулахдаа Хархорум хот болон үндэсний монгол бичгээ гээж байсан удаагүй. Үүнийг бид машид анхаарч үзэх учиртай.
Дотоод, гадаад судлаачдын хүчээр эртний Хархорум хотын судалгаа, малтлагын ажил амжилттай өрнөж байна. Судалгаанд суурилсан төлөвлөгөө хөгжлийн зөв замд биднийг хөтөлнө. Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан энэхүү эрдэм шинжилгээний хурал ч судалгааны салбарт шинэ санаа өгсөн, бүтээлч хүмүүст урам зориг хайрласан бодит ажил болно гэдэгт итгэж байна. Миний бие гадаад, дотоодын тэргүүлэх эрдэмтэн судлаачидтай хамтран Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол Улсын жишиг хот болгон хөгжүүлэх тухай олон жилийн өмнөөс судалж, тодорхой ажлууд зохион байгуулж ирсэн. Хархорум хотыг сэргээн байгуулж монгол үндэстний өлгий нутаг Орхоны хөндийд XXI зууны хөгжлийн шинэ төв бий болгох нь бүс нутгийн болоод Монгол Улсын ирээдүйн хөгжилд асар их үүрэг гүйцэтгэнэ гэдгийг дахин тэмдэглэн хэлье.
Зарим үндэстэн түүх уншиж өнгөрдөг бол зарим үндэстэн түүхийг бүтээж өгдөг юм. Бахархах түүхээ бүтээх ирээдүйнхээ хүч болгон, илүү их хөдөлмөрлөж, илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай” гэжээ.
Хурлыг нээж УИХ-ын гишүүн, Хархорум хотын 795 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсгийн дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ “Тэртээх XIII зуунаас дэлхийн нийслэл, улс төр, соёл, эдийн засаг, гадаад харилцаа шашны төв гэгдэж ирсэн Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар Хархорум хот байгуулагдсны 795 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.
Энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн зөвлөлийн хамт олны санаачлагаар “Хархорум-795” эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах зохион байгуулж байгаад баяртай байна” гэлээ.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр эрдэмтэн судлаачид, археологичид Хархорум хотын үүсэл, түүхийн дурсгалт олдворууд, Орхоны хөндийгөөс хэрхэн эртний хүн нүүдэллэн Америк тив, Уралын нуруу, Зүүн өмнөд Ази, Япон хүртэл тархсан талаар сонирхолтой илтгэлүүд сонордуулав. Одоогоос 40 мянгаас нэг сая жилийн тэртээ хүн тархан суурьшсан нэг том голомт нь Орхоны хөндий байжээ.
Илтгэлүүдэд дурдсанаар Хархорум нь Их Монгол Улсын улс төр, эдийн засаг, зам харилцаа, соёл, шашны том төв байсан бөгөөд Ази, Европын улстөрчид өнөөгийн ойлголтоор АСЕМ-ийн уулзалттай дүйх хурлыг тэнд цугларан хийж байсан түүхэн баримт олдсон байна. Хархорум нь Өгөөдэй, Гүег, Мөнх хаадын төрийн хэргээ явуулж байсан их хот байжээ.
Тэнд Бурхны болон Загалмайтан, Исламын шашны сүм хийдүүд зэрэгцэн оршиж, олон шашны, олон хэлийн хүмүүс эв найртай аж төрж байсныг гэрчлэх түүхийн олдворууд олдсоныг зураг, хөрөгтэй нь дэлгэн харуулж байлаа.
Энэ үйл явдалтай холбогдуулан Төрийн ордон дахь Төрийн түүхийн музейд “Хархорум-795” гэсэн үзэсгэлэн гаргаад байгаа юм.