Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт АТГ-аас нэгжлэг хийснээс хойш долоо хоног өнгөрлөө. АТГ ямар учраас нэгжлэг хийсэн талаараа мэдээлэл өгөөгүй байгаа. Энэ талаар болон бусад асуудлаар УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа.
-Н.Энхбаяр даргын биеийн байдал нэлээд муудсан талаар II эмнэлгийн эмч нар удаа дараа мэдэгдэл хийсний үр дүнд Шүүх эмнэлгийн дүгнэлт удахгүй гарахаар болсон. Ер нь биеийнх нь байдал ямар байгаа вэ?
-Н.Энхбаяр даргын биеийн байдал өдрөөс өдөрт улам л дордож байна. Манайд даргын биеийг эмчлэх, даргын биеийн байдалд гараад байгаа өөрчлөлтүүдийг оношлох тоног төхөөрөмж оношилгооны аппаратууд байхгүй. Үнэндээ манай эмч нарын арга мухардаад байгаа.
Одоогоор шинж тэмдгийн эмчилгээ л хийж байна. Даргад нойргүйдлийн шинж тэмдэг илэрсэн, хоолны ямар ч дуршилгүй болсон учраас биеийн жингээ өдөр ирэх тусам алдсаар л байгаа.
-АТГ-аас Н.Энхбаяр дарга болон худынх нь гэрт нэгжлэг хийсэн. Энэ талаар өөрт нь мэдэгдсэн үү?
-Гэрт нь үзлэг, нэгжлэг хийсэн талаар Н.Энхбаяр дарга мэдсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ бид аль болох нууцалж байгаа. Бие нь ийм тааруухан байхад дээрээс нь нэрмээс болгож сэтгэл санааны дарамтад оруулчихвий гэсэн үүднээс одоогоор нууцалсан байдалтай байгаа.
-Нэгжлэгийн дараа аавынх нь биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Намбар гуайн хувьд сэтгэл санааны хүнд дарамттай байгаа. Мэдээж хүү нь хилс хэрэгт холбогдоод, гэр оронд нь үзлэг нэгжлэг хийхээр өндөр настай хүн дор хаяж л даралт нь хэлбэлзэх нь тодорхой. Аавын минь даралт байнга хэлбэлздэг болохоор энэ талаар би хэнээс ч илүү мэднэ.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт ямар учраас нэгжлэг хийсэн талаараа АТГ-аас мэдээлэл өгсөн үү?
-АТГ-аас асууж тодруулсан юм алга. Ямар үндэслэлээр, хэний зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн талаар мэдээлэл алга. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад хэрэг нэг тийшээ шийдэгдсэн энэ үед АТГ-аас манай намын даргын ар гэрийнхэн, хамаатан саданг тайван байлгахгүй байгаад үнэхээр их харамсаж байна.
-НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлгээс болж Н.Энхбаярын гэрт нэгжлэг хийсэн тухай эх сурвалжууд мэдээлж байсан. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Хүмүүс янз бүрээр л хардаж, тайлбарлаж байна. Миний бодлоор бүх юмны гогцоо тайлагдах сэжүүр гарав уу гэж бодож байгаа. Хүмүүс Т.Билэгт даргатай холбож тайлбарлаад байгааг ойлгож байна. Т.Билэгт гэдэг хүн бол тухайн үед нийслэлийн ИТХ-ын дарга байсан.
Даргатай холбоотой өмч хувьчлалын асуудал бүгд л нийслэлийн ИТХ дээр олонхоороо шийдвэрлэгдсэн асуудал. Тэгэхээр эцсийн дүндээ Т.Билэгт дарга ирнэ гэдэг нь өөрөө бүх зүйлийн зангилаа тайлагдаж, дам сургаар хэрэгт холбогдуулж байсан даргын хэрэг цагаадах болов уу гэсэн байр суурьтай байгаа.
-Т.Билэгтийн өгсөн мэдүүлгийн дагуу Н.Энхбаярыг цагаатгах биш харин ч ялыг нэмэгдүүлж болзошгүй талаар сүүлийн үед яригдаад байгаа. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Хэвлэлүүд юмыг үнэн зөвөөр нь мэдээлж байгаасай гэж хүсч байна. Өнөөдөр намын нөхөд, гэр бүлийнхэн нь мэдээгүй байхад Н.Энхбаяр суллагдана гэж бодож байна.
Улстөрчдийн хараанд хэт ихээр орчихоороо хэвлэл мэдээллийн үнэн бодит байдал алдагдаж, зарим хүмүүсийн зовлон дээр шоудсан, ард иргэдийг төөрөгдүүлсэн зүйл болж хувираад байна.
-Тун удахгүй магадлангаар суллаж магадгүй гэсэн яриа гараад байгаа?
-Даргыг баригдаж хоригдсоноос хойш нэлээд цаг хугацаа өнгөрлөө. Хүмүүс магадлан гэж яриад байгаа юм. Магадлан бол эрүүл мэндийн ялын гуравны хоёрыг эдэлсэн тохиолдолд яригддаг шүү дээ. Тэгэхээр магадланг хүлээж суух цаг хугацаа байхгүй.
Хүний эрүүл мэнд бол хоног өдрөөр биш цаг минутаар хэмжигддэг. Магадлангийн хувьд би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Магадланг хүлээнэ гэдэг нь аажмаар үхэл рүү нь л явуулж байгаа хэрэг шүү дээ.