Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг бий болгох, шударга амьдарч, хөдөлмөрлөж, төр түмнээ эрхэмлэн дээдлэн, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой “Монгол Улсын Иргэний Андгай Өргөх Ёслол” өнөөдөр буюу 11 сарын 14-нд Төрийн ордны ёслолын их танхимд ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Энэхүү ёслолын үйл ажиллагааг Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Өнөөдрийн энэхүү үйл ажиллагааг Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, МЗХ-ны 16-19 насны дэд ерөнхийлөгч У.Басбиш нар нээж үг хэлсэн юм. Монголын бахархлын өдөр буюу Их Эзэн Чингис Хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулан улс орон даяар зохион байгуулж уг үйл ажиллагаанд нийслэлийн шилдэг 850 сурагч оролцсон юм.
Эрхэм хүндтэй зочидоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж, Тамгын газрын дарга С.Алтангэрэл, МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Д. Амарсайхан, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү , Aim4R Dance Studio продакшны захирал, бүжигчин Тuuguu болон урлаг, спортын төлөөллүүд уригдаж 16 настнууддаа хандан чин сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэн иргэний үнэмлэх, батламжийн хамт гардуулан өгсөн юм.
Монгол Улсын ирээдүй болсон 16 настнууд Төрийн ордны Их танхимыг дүүргэж сүр жавхлантайгаар
“Төрт ёс, язгуур соёл, баатарлаг түүхтэй,
Тусгаар тогтносон Монгол Улсын эрх чөлөөт иргэн-Би
Мөнх хөх тэнгэрийн дор, мөнхөд дэгжих эх орныхоо төлөө
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн,
Өвөг дээдсийн өндөр цадигтай,
Өнөд мандах Монголынхоо төлөө
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм
Хөгжил дүүрэн шударга амьдралын төлөө
Эрдэм боловсролтой, энэрэнгүй журамт иргэн байж
Дэлхийн энгээр, Монгол нэрийг сайнаар бадраасан иргэн байхаа
Ард түмэндээ андгайлж байна” хэмээлээ.
Мөн Т.Ариунаагийн /МУГЖ/ “Амьдралын алтан босго 16 нас” дууг дуучин Go Man дахин сонсогчдын хүртээл болгон дууллаа. Түүнчлэн МЗХ-ны дэргэдэх Сургалт, Судалгааны Полиси төвийн тэргүүн Г.Эрдэнэгэрэл “Нэр төрөө эрхэмлэх нь” сэдэвт лекцийг 16 настнууддаа зориулан уншсан юм. Иргэний андгай өргөх ёслол Монгол орон даяар зохион байгуулагдсан бөгөөд Архангай, Дархан, Сүхбаатар, Ховд аймгуудад болж улсын хэмжээнд 47 мянга гаруй 16 настай хүүхдүүд энэ өдөр Монгол улсын иргэн боллоо. Түүнчлэн Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолд Монгол Улсын Засгийн газар, Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Боловсролын яам, Нийслэлийн боловсролын газар, Дүүргүүдийн Боловсролыг хэлтэс хамтран оролцлоо.