Төрийн хамгаалалтын машинд гар буу сумны хамтаар нууж хил гарах гэж байгаад баригдсан А.Баярсайханыг ГХЯ-аас эргүүлэн татсан хэмээн мэдээлж байсан ч тэрбээр БНХАУ-ын Эрээн хотын консулын газар албан үүргээ гүйцэтгэсээр байгаа.
Түүнчлэн түүний оронд шинээр томилогдон очсон. н.Золзаяад албан тушаалаа өгөхгүй байгаагаас зочид буудалд хоног төөрүүлж, төлбөрийг нь Эрээний консулын газраас төлж байгаа талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл эх сурвалжаас ахиад мэдээлэл ирлээ. Эх сурвалжийн баталснаар “Эрээний дэд консул А.Баярсайхан галт зэвсэг нууж хууль бусаар хил нэвтрүүлэх гэж баригдсаны дараахан хятадын тагнуулын байгууллага хөл хөдөлгөөнд орж, Монголын консулын газрын ажилтнуудын гар утсыг чагнаж, мөрдөн, гишгэх газаргүй болгож байна.
Улмаар Шиньжян-Уйгарын гэмт бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй гэх таамаг ч дэвшүүлээд байгаа. Энэ талын мэдээлэл хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ч явж байна. Дээр нь ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн гар хөл, хамаатан садан, багш, шавь нараар Монгол Улсыг төлөөлж Хятадад сууж байгаа элчингийн газрууд дүүрсэн. Хайлаарт төрсөн дүү нь, Эрээнд, Хөх хотод ах дүү амраг садан нь элчингээр суух боллоо. Тэднээрээ дамжуулж маш том машины сүлжээ бизнес эрхэлж байна” гэв.
Түүнчлэн А.Баярсайхантай холбогдох хэрэг гарсан өдөр Монгол Улсыг төлөөлөн суугаа Эрээний консулын ажил цалгардаж 75 хүнд үйлчилснээс 45 нь гомдол гаргасан байна. Гэвч ямар учир шалтгаантай нь тодорхойгүй гэнэтхэн л дээрх иргэд шүүхэд өгсөн гомдлоо эргүүлэн татсан гэдгийг дуулгав.
Иймд бид эх сурвалжаас авсан мэдээллийг нягтлахаар ГХЯ-ны “Мэдээллийн цаг” уулзалтанд очсон юм. Энэ үеэр ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшингээс доорх тодруулгыг авлаа.
-ГХЯ-аас А.Баярсайханаас албан тушаалаас нь буулгаж, эргүүлэн татсан гэх мэдээллийг өгөөд байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ А.Баярсайхан өнөөг хүртэл албан тушаалаа хашиж, ажилчдаа хагаралдуулаад зогсохгүй, Эрээний консулын газарт амьдарсаар байна. ГХЯ-аас яагаад өнөөг хүртэл түүнийг эргүүлэн татахгүй байна вэ?
– А.Баярсайханыг албан тушаалаас нь буулгасан. Гэвч хуулиндаа зааснаар элчин сайдууд гэр бүлийнхээ гишүүдийн хамтаар тухайн улсад оршин суудаг учир хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн асуудлыг зохицуулах гээд хэд хоног саатаж байгаа.