Лифтний хүчин чадлыг өөрчилдөг зөрчил их байна

12311217_924745500949795_3490448960717590794_nМэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 2015 оны 6 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд өргөх механизмын /лифт, эскалатор, бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж/ өнөөгийн байдлыг шалгалаа.
Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах, өргөх механизмтай холбоотой нийтлэг гардаг ослоос урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалтыг явуулсан байна.
195 байгууллагын 511 лифтийг шалган 2288 зөрчил илрүүлсний 150 нь зураг төсөл, барилга угсралттай, 2138 нь лифтийн угсралттай холбоотой байлаа. Тухайлбал барилгын зураг төсөлд тусгаснаас бага даац, хурдтай лифт суурилуулдаг, лифтний машины өрөө, хонгилыг айлын ханатай хамтатган төлөвлөсөн зөрчил нийт зөрчлийн 30 хувийг эзэлж байгаа нь тодорхой боллоо.
Мөн нэг хонгилд хэд хэдэн лифт угсрахаар төлөвлөхдөө лифтийн бүхээгийн зам төмрийг бэхлэх хэсгийн металл хийцийн байрлал, ачаалал даах тооцоог зураг төсөлд бүрэн тусгалгүйгээр суурилуулдаг байна. Энэ нь нийт зөрчлийн 14 хувийг эзэлж байгаа нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй гэсэн үг юм. Тухайн лифт паспортгүй, ашиглагч, хариуцагчгүй, лифтний бүхээгний хаалганы тохиргоо алдагдсан, мэргэжлийн лифтчингүй зэрэг зөрчил ч цөөнгүй илэрлээ.
Лифт ашиглагч 132, угсралт, засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг 17 байгууллагын 257 лифтийг хяналтын хуудсаар шалгахад 45 нь бага, 194 нь дунд, 18 нь их эрсдэлтэй үнэлэгдсэн байна.
Шалгалтын хэсэг 1114 зөрчил илрүүлсний 510-ыг газар дээр нь арилгуулж, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж, зааварчилга өгч, улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага, акт тавьсан байна.
Шалгалтын дүнг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Даргын зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Холбогдох хуулинд “Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийхэд их хэмжээний хөрөнгө шаардагдахаар бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг. Үүнийг үндэслэн Улаанбаатар хотын хэмжээнд шинэчлэх шаардлагатай 273 лифтийг солих тухай албан тоотыг Барилга, хот байгуулалтын яам, Барилга хөгжлийн төвд хүргүүлэхээр тогтлоо.
Мөн лифтийг бүрэн суурилуулаагүй байхад барилгыг улсын комисс хүлээж авдагийг зогсоох, барилгын ажил эхлэх, үргэлжлэх явцад лифт, эскалаторын төлөвлөлт, зураг төсөлд экспертизийн болон мэргэжлийн байгууллагаас тавих хяналтыг сайжруулах, өргөх механизмын салбарын дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, сургах чиглэлээр холбогдох яам, төрийн байгууллагууд тодорхой арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага цаашид өргөх механизмын улсын бүртгэлийг цахим хэлбэрт оруулах, байцаагчдынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх, Өргөх механизмын баталгаажуулалтын лабораторийг орчин үеийн дэвшилтэт багаж, тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр дэс дараатай ажил хийхээр төлөвлөж байна.
Манай улсын хэмжээнд 4172 лифт байдаг. Эдгээрийн 56 хувь нь тав хүртэл, 27 хувь нь 5-10, 10 гаруй хувь нь 10-20, 6.5 хувь нь 20 ба түүнээс дээш жил ашиглагдсан гэсэн судалгаа гарчээ.
Улсын хэмжээнд ашиглалтын хугацаа дууссан 140 байгууллагын 922 лифтний 649-ийг нь шинэчилсэн бол 273-ыг шинэчилж чадаагүй байна.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …