Зам засварын ажил энэ жилийн эхний хагасын байдлаар 62,25 хувьтай яваа гэж Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддорж өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ мэдэгдлээ. Мөн ихэнх замууд хугацаандаа ашиглалтанд орох, зарим нэг нь хугацаанаасаа өмнө ч ашиглалтад орохоор байгааг хэлсэн юм.
Энэ жилийн хувьд зам засвар, шинэчлэлтийн ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд нийтдээ 41 цэг дээр зам засварын ажил явагдаж байна.
Тэдгээрээс тодруулбал, Манай улсад байдаг цорын ганц олон улсын гэж нэрлэж болохуйц Яармагийн гүүрнээс Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км замын өргөтгөл, шинэчлэлт ажил 40 хувьтай яваа бөгөөд энэ сарын 25-нд урд урсгалаа нээж, аравдугаар сарын 15 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Энэ жилийн хувьд зам засвар, шинэчлэлтийн ажил нийтдээ нэг их наяд төгрөгийн хөрөнгө зарцуулж байгаа бөгөөд ямар ч байсан шинээр засч янзалсан замууд жил тойролгүй эвдэрдэг асуудал гарахгүй гэдгийг НАЗГ-ын дарга Д.Нанзаддорж хэлэв. Мөн ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатар хот дотор хийгдэж байгаа бүх замууд зорчих хэсгээ бүрэн нээх юм байна.
З.Байгалмаа ugluu.mn