Төрөөс санхүүгийн чадавхи сул айл өрхүүдээ орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлийн 30 хувийн 20 хувийг нь Засгийн газраас батлан дааж, иргэд 10 хувиа төлж байранд орох боломжийг бүрдүүлээд байгаа. 10 хувийн зээлийн журам Барилга хот байгуулалтын өмнөх сайдын үед батлагдчихаад байсан ч яамд болон хэрэгжүүлэгч банк хоорондын гэрээ хэлцэл дуусаагүй, удтал хүлээлт үүсгэсэн.
Тэгвэл олон мянган залуу айл өрхийн мөрөөдөл болсон 10 хувийн зээл ажил хэрэг болоход нэг алхам урагшиллаа. Барилга хот байгуулалтын яам, Голомт банктай хамтран 10 хувийн урьдчилгаа бүхий зээлийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн ажлаа авсан эхний 100 хоногийн тайланг танилцуулах үеэр боллоо.