Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр Итгэмжлэх жуух бичиг барив.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд ноён Ж.Лантри Австралиас Монгол Улсад байнга суух анхны Элчин сайд болж буйд нь талархал илэрхийллээ.
Австралийн Холбооны Улс ийнхүү Монгол Улсад Элчин сайдын яамаа нээж буй нь тус улс Монгол Улстай хийж байгаа харилцаа, хамтын ажилагаандаа өндөр ач холбогдол өгдгийн илрэл хэмээн үзэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлж байв.
Элчин сайд Ж.Лантри хоёр тал эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхай зэрэг салбарт амжилттай хамтран ажиллаж байгааг дурдаад харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдгээ тэмдэглэн хэлэв.
Ирэх 2016 онд Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтад Австралийн талаас өндөр дээд хэмжээний төлөөлөгч ирнэ хэмээн найдаж буйгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн энэ үеэр илэрхийлж, Элчин сайдын ажилд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Гадаад хэргийн яам тусалж дэмжин ажиллах болно хэмээлээ. Австралид 2016 оны 11 дүгээр сард парламентын сонгууль болох бол Монголд 7 дугаар сард УИХ-ын сонгууль болно. Хоёр улсын аль алинд ирэх жил улс төрийн үйл явдал өрнүүн байх болно гэдгийг талууд хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайдад ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөв.