ЦЕГ-ын харьяа Мөрдөн байцаах газрын Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 8 алба хаагч Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны 2-12 насны /2,4,5,12 настай/ 4 хүүхэдтэй өрх толгойлсон, хөдөлмөр эрхэлдэггүй, эх 38 настай Б.Болорын гэр бүлд Шинэ жилийн баярыг тохиолдуулан 4 хүүхдэд нь шинэ жилийн бэлэг, 3 ээлжийн хувцас, гэр бүлд нь сүү, гурил, цагаан будаа, гоймон, нүүрс, түлээний мод зэргийг бэлэглэж сайн үйл үйлс бүтээлээ.
Хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар: Манай хэлтэс нь нийт 8 алба хаагчтай, алба хаагчдын маань 15 хүүхэд байдаг. Бидний хүүхдүүд энэ удаагийн шинэ жилийн бэлгээ гэр хороололд шинэ жилээр бэлэг авч чадахгүй байгаа хүүхдүүдэд бэлэглэхийг хүссэн юм. Тиймээс аавууд нь хүүхдүүдийнхээ даалгавраар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны бага насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Б.Болорын гэр бүлд шинэ жилийн бэлэг, хүнсний зүйл, түлээ бэлэглэж тэднийг болон өөрсдийнхөө хүүхдүүдийг баярлуулсандаа сэтгэл өндөр байна. Энэ гэр бүл 4 хүүхдийнхээ 20000 төгрөгнөөс өөр орлогогүй боловч ээж нь гар хумхин зүгээр суудаггүй, зав чөлөөгөөрөө дээл хувцас оёдог, хөдөлмөрч эмэгтэй байна.
Цагдаагийн ажил ард иргэдийнхээ өдөр тутмын амьдралд ойр байдаг учраас иргэдийн амьдрал сайн муу байгааг байнга харж мэдэрч байдаг. Зарим айл өрх, иргэдийн амьдрал хүнд байгаа, улс орны маань ирээдүй болсон үр хүүхдүүд нь хүнд хэцүү нөхцөлд амьдарч аж төрж байгааг хараад сэтгэл эмзэглэх үе гардаг. Тиймээс нэг ч гэсэн хүүхэд баярлуулъя, хүүхдүүд сайн болоосой гэж бодоод өнөөдөр ийм ажил зохион байгуулж байна.
Зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүй төрийн бүх байгууллагууддаа хүнд хэцүү амьдралтай нэг ч гэсэн хүүхдийг баярлуулаарай гэж уриалж байна” гэж хэллээ.