Өнгөрсөн баярын өдрүүдэд гэмт хэргийн дуудлага нэмэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тухайлбал, СБД-ийн нутаг дэвсгэр, “”Улаанбаатар” авто төвийн замын зүүн талд хутгалуулсан хүн байна” гэх мэдээллийн дагуу шалгахад ХУД-ийн 4 дүгээр хороонд оршин суух 38 настай эрэгтэй Б-г хамт архи уусан Б гэгч этгээд согтуурсан үедээ баруун даланд нь хутгалж гэмтээгээд зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж баривчилжээ.
Мөн ХУД-ийн 10 дугаар хороо “Морингийн …. тоотод хутгалуулсан хүн байна” гэсэн мэдээллийг 12 дугаар сарын 31-ний 00:40-д авч шалгахад, тус тоотод суух 31 настай Э-гийн зүүн суга, болон шуунд, тус тоотод суух 42 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж танхайрсныг таслан зогсоож дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Түүнчлэн Налайх дүүрэгт шинэ оныг хамтдаа угтаж байсан хоёр иргэн архидан согтуурсны улмаас нас барсан хэрэг гарчээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Харин Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт энэ сарын 02-ны орой 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ийн баяжмалын үйлдвэрийн шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагдаж тус компанийн ажилтан болох Баруун-Урт сумын 5-р багийн харьяат 32 настай эрэгтэй С нь хордож эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Нийслэлийн хэмжээнд баярын өдөр согтуугаар танхайрч бусдын биед халдаж, эд зүйлсийг нь сүйтгэж гэмтээсэн хэрэг 22 бүртгэгджээ.
эх сурвалж: bataar.mn