Т.Аюурсайхан: Ажлаа хүлээлгэн өглөө

1441229_490524991154339_9183441123256420998_n

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын ажлаа хүлээлгэн өглөө.
МАН засгаас гарсан улс төрийн нөхцөл байдлын улмаас 9 дүгээр сараас хойш ажлаас чөлөөлөх асуудал яригдаад явсан юм. Сандал суудалтай зууралдах, үзэл бодлоосоо урвах, тамга тэмдгээ авч зугатах явдал хэвийн үзэгдэл болсон ялзарсан энэ тогтолцоонд шингэхийг хүссэнгүй. Нэгэнт ажлаас чөлөөлөгдөх нь тодорхой болсон байсан учраас 2015 ондоо багтаад саналаараа чөлөөлөгдлөө.
Олон түмний төлөөх энэ байгууллагад богинохон хугацаанд ажиллахдаа ихийг хийж бүтээхийн төлөө ажиллалаа. Хийх сэтгэл байвал боломж өөрөө урган гардаг учраас төсөв мөнгө хомс ч гэсэн олон ажлын ард гарлаа.
Хууль зөрчих явдал бүх түвшинд газар авсан байна. Нэг талд аж ахуй эрхлэгчид иргэдийг хохироож байхад нөгөө талд албан тушаалтнууд тулгамдсан асуудлыг шийдэх нэрээр бизнесийн ажиллагаа ихээр хийдэг болжээ. Хууль бус мөнгө татах, төлбөр хураамж авах, хууран мэхлэх, төөрөгдүүлэх, төрийн нүүрийг барьж түрэмгийлэх явдал газар авсан байна. Энэ бүгдийг таслан зогсоохын төлөө тууштай тэмцлээ.
Гаргасан шийдвэрээсээ хазайлгүй, хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн байхын төлөө ажиллалаа. Байцаагчаараа торгууль тавиулчихаад, өөрөө дараа нь хүчингүй болгосон нэг ч тохиолдол байхгүй. Шударга бусыг дараад өгнө гэж амлаж олон зуун сая, тэрбумаар нь торгочихоод шүүх дээр очиж гар барьж эвлэрсэн нэг ч үйлдэл хийгээгүй.
Иргэдийн гомдлын тоо, хохирлын хэмжээ улам нэмэгдэж байна. Зөрчлийг мөчир мөчрөөр нь тайравч улам их салаалж байгаа учраас зөрчлийг уг үндсээр нь таслах арга замыг эрэлхийлж ажиллалаа. Тоочивол олон ажил байгаа ч Монголын 3 сая хэрэглэгчиддээ өргөн барих хамгийн чухал ажил бол бүтэн жилийн турш хамт олноо манлайлан Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр боловсруулсан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай шинэ хууль юм. Европын стандартыг жишиг болгож боловсруулсан уг хуульд хэрэглэгчийн эрх гэж чухам юу гэдгийг тодорхой болгож, түүнийг хэрхэн хамгаалахыг нарийвчлан зааж өгч, уг эрхийг зөрчвөл хатуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг бүрэн барагдуулахаар тусгасан юм. Хуулийн төсөл маань энэ жил батлагдана гэдэгт итгэлтэй байна. Шинээр томилогдсон дарга залуудаа энэ бүгдийг үргэлжлүүлэх, түүнчлэн шинээр олон ажил санаачлан хэрэгжүүлэх үйлсэд нь өндөр амжилтыг хүсье!
Энэ хугацаанд надтай нэг баг болж ажилласан ШӨХТГ-ын нийт хамт олонд, надад урам зориг өгч, байнга хурцлан дэмждэг Шинэчлэлийн хорооныхоо хамт олонд, надад санаа өгч, зөвлөж, шүүмжилж, дэмжиж байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье! Шударга, зөв өөрчлөлтийн төлөө та бүхэнтэйгээ хамт цаашдаа ч зүтгэх болно!

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …