Ноход уралцаж, бид алга ташч, эзэн мөнгөө халааслана

Ц.Алдармаа, Д.Оюунтуул хоёул авьяаслаг залуу жүжигчид. Хойч үедээ ч үлгэр болж яваа бүсгүйчүүд. “Ямар юмаараа үлгэр болох вэ” гэж та бухимдаж магадгүй. Гэвч энэ хувь хүн таны л бодол. Тэднийг харж, тэднээр бахархаж, тэднээс үлгэр дууриалал авч яваа, үр хүүхэд нь, анд нөхөд нь, гэр бүл нь гээд олон л хүмүүс бий. Харин энэ бол миний л бодол.

1452139334_tuulaldar

Гэвч тэд халамцсан үедээ гаргасан нэг удаагийн алдаанаасаа болоод нийгмийг хоёр хувааж, ярианы сэдэв болчихоод байна. Нэг үеээ бодвол Монголчууд чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй болжээ. Сошиал гэх өөрийн ертөнцөд юу хүссэнээ бичиж, юу дуртайгаа үйлдэж байна. Үүнээс үүдэж энэ хэрэгцээг хангах хэрэглүүр, шаардлага нэгэнтээ бий болсон. Тэдгээр хэрэглүүрүүдийн нэг нь “Цензургүй яриа” хэмээн нэвтрүүлэг юм уу гэж ойлгоод байгаа.

Саяхан тус нэвтрүүлгийн шинэ дугаар цацагдлаа. С-1 телевизээр гэхээсээ илүүтэйгээ сошиал ертөнцөөр олон хүнд хүрэх шиг боллоо. Ёстой л нэг хэсэг шуугиан тарив. Хүн бүр л Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын зөв бурууг шүүж, үзэл бодлоо илэрхийлцгээнэ. Уг нь шүүх шийдвэрээ гаргачихсан асуудлыг бид дахин шүүх эрхгүй л дээ. Гэхдээ сошиал гэх ертөнцөд хэн юугаа бичих нь тэдний л дур юм хойно яая гэхэв.

Харин “Цензургүй яриа” нэвтрүүлгийн буянаар хоёр бүсгүй дахиад л хэрүүлийн аянд мордож байх шиг байна. Энэ нэвтрүүлгийн зорилго байсан гэж үү. Уг нь сэтгүүл зүй арай л өөр зүг рүү зорьдог биш билүү гэж бодогдоход хүрч байна. Ц.Алдармаа нэвтрүүлэгт орсноор ямар үнэнийг хайв. Дахиад бие бие рүүгээ халуун ус цацалцах юм биш биз. Ийм л олон тодорхойгүй асуултууд урган гарч ирлээ.

Тэгвэл сэтгүүлч, найруулагч Г.Золжаргал уг асуудлыг тун энгийн, ойлгомжтой тайлбарлажээ. Тэрээр “Хоёр бүсгүй дахиад л хэрүүлд мордлоо. Сэтгүүл зүйн зорилго юу юм бэ. Надад Жек Лондоны “Цагаан Соёот” туужийн гуравдугаар хэсэгт гардаг нохойн зодооны тухай бичсэн хэсэг л санаанд буулаа. Хөөрхий гэмгүй ноходыг уурлуулж зодолдуулаад өнөөдүүл нь бие биенийхээ хоолойг тас хазаж хүмүүс зугаацдаг шүү дээ. Тэр үед бооцоо тавьсан ардууд хоёр талд нь хөөрч бархиралдаад зодолдуулж уралцуулсан баян нь мөнгөө атга атгаар базаад л хармайлдаг. Жек Лондон энэ тухай их л айхтар бичсэн байдаг. Бас дургүйцлээ илэрхийлсэн байдаг. Колондайкад зэрлэг капитализмын үед 1840 өөд онд алтанд гарсан нинжануудын тосгонд ийм л явдал болж байлаа. Манай нийгмийн ёс суртахуун эрхэмлэх дээд үзэл гэж юу байна аа.Будлиантай улсыг улам дэвэргээд л үндэсний бахархал мэт хөөргөн яс орхиж уралцуулахад үзэгч бид хоёр хуваагдаж бас уралцаад л. Дэвэргээд л. Сэтгүүл зүйн эрхэм зорилго энэ биш” гэжээ.

Нээрэн “Цагаан соёот”-ыг уншиж байхад яг л ийм үйл явдал нүдэнд тодхон харагддагсан. Хөөрхий ноходыг өрөвдөөд л. Тэгсэн бид чинь ноход уралцуулж, түүнээсээ баяр хөөр авч байгаа “ард түмэн” шиг л аашилж байгаа юм байх шив. Г.Золжаргал ах үнэхээр онож хэлжээ.

Сэтгүүл зүйн эрхэм зорилго олон нийтийг соён гэгээрүүлэхэд оршдог. Гэвч орчин цагийн сэтгүүл зүй ноходыг уралцуулж, түүгээр мөнгө босгож, атга атгаар нь халааслаж байгаа “баян” шиг л болчихжээ. Үнэхээр харамсалтай.

Эрэлт байгаа учраас нийлүүлэлт байна гэж дээр дурьдсан. Гэхдээ нэгэнтээ гал асчихсан асуудлыг дахин хөндөж, сэв суусан харилцаанд цав гаргаж, түүгээр мөнгө олно гэдэг хүнлэг бус асуудал. Эндээс баяр хөөрийг мэдэрнэ гэдэг бүүр байж боломжгүй асуудал. Маш олон төлөвшөөгүй охид, хөвгүүд жүжигчин бүсгүйчүүдийн “уралцаан”-аас юу олж, юуг сурч мэдэх билээ. Одоо бусдын зовлонгоор хооллодогоо зогсооцгооё.

А.Аюуш

Санал болгох мэдээ

Жастин Бибер мерседес бенз машинаа Зул сарын баярт зориулж чимэглэжээ

23 настай дуучин Жастин Бибер өөрийн мерседес бенз  G-Class SUV загварын машинаа Зул сарын баярт …