Нас барагчтай суудал давхцсан хүмүүс дариухан салгуулах хэрэгтэй

Copy-of-6(1)

Эрдэнэт хүмүүнийг амьсгал хурааж, нас эцэслэхэд нь мэлмий нээлттэй байвал аниулж биеийг шулуун засч хоёр гарыг нь хэвлийн тус газар зөрүүлэн тавьдаг. Мөн хэвтэж буй арслангийн шинжээр баруун хамрын нүхийг баруун гарын эрхий хуруугаар даруулж сарвууг нь дэрлүүлнэ.
Сул гарыг нь биеийг нь дагуулж сунгаж  тавиад  дарагдаагүй дээд хөлийг нь нугалсхийлгэн хэвтүүлнэ. Бурхан багш мөнх бусыг үзүүлэхдээ энэ байдлаар таалал төгссөн тул ингэж хэвтүүлбээс төрөл дээшилнэ гэж үздэг. Нас барагчийг 3-5 хоногт хөдөөлүүлдэг. Олон хоногт гэрт байлгахыг  ихэд цээрлэдэг.Шарилын дэргэд хэт чанга дуу авиа гаргах, амьдчилан харьцах, ёс бусын үйлдэл хийхийг цээрлэнэ. Шарилыг хөдөөлүүлэхээр явахын өмнө номонд заасан жилтэн түрүүлж шарилд хүрнэ. Шарилд гар хүрэх жилтэй хүн байнгүй бол Сандуйнжүд судраар хөндөнө.  Шарилыг гэрээс авч гарахдаа босгон дээр хэдрэг хөндлөн тавих юмуу, зомгол босгон дээр нь хуга гишгэчин шарилыг гэрээс гаргадаг. Нас барагчтай суудал давхцсан хүмүүс үнсэн дээр гараа угааж суудал салгах ёсыг үйлддэг. Малгай буруу харуулж, дээлийн захыг дотогш нь чихэж, дээлийн хормойг хоёр тийш нь ярж ордог ба бусад үед дээрх үйлүүдийг хийхийг  цээрлэдэг. Эцгийг оршуулж байгаа бол баруун өвдөгнөөс нь, эхийг бол зүүн өвдөгнөөс нь адис авдаг. Нас барагчтай өөрөөр салах ёс гүйцэтгэдэггүй. Шарилын дэргэд гашуудлын үг хэлэх, тойрч гороолох, үнсэх зэрэг үйлдлийг цээрлэнэ. Хөдөөлүүлэхээр явахад гэрт үлдэгсэд хойноос нь дагуулж харахыг цээрлэж савтай цай, тавагтай идээ, Сундуй, Жадамба зэрэг хөлгөн судраар хурайлан үлддэг. Энэ нь буян хишгээ тогтоож байгаа хэрэг.

Оршуулахдаа зөөлөн гараг буюу даваа баасан гарагийг сонгодог. Оршуулгын ажилд сондгой тоотой яваад тэгш тоотой ирнэ. Энэ нь араасаа үхэл дагуулахгүйг билэгддэг. Оршуулгын газар оролцоод ирэгсдийг хоёр утааны голоор оруулна. Энэ нь  арц аргал тэргүүтэн голлосон байна. Хар цагаан рашаанаар ариулаад, гэрт ороод маань хөгжөөнө. 49 хоногийг нас эцэслэсэн өдрөөс нь  эхэлж тоолдог. Энэ хоногт амьтны амь таслах, хэрүүл хэл ам хийх, архи уух, найр хурим ажлыг хориглоно. Энэ 49 хоног нь талийгаачийн хойд төрлөө олох зуурдын хоног тул буян сайн үйлдвээс сайн заяаны төрлийг түргэн олно. Хүүхэд баярлуулж, нохой хооллож, зул өргөж  маань мэгзэмийг амны уншлага болгодог.

эх сурвалж: budda.mn

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …