БЗД-ийн Арслантай гүүр, дөрвөн улирал хөдлөшгүй бат харуул мэт зогсох монгол улсын иргэн Ш.Лочинтой 10 хором саатан хуучиллаа.
- Сайн байн уу, миний мэдэхээр та энд их олон жил зогсож байна?
- Сайн байна уу. Ах нь 2008 оноос тасралтгүй гадаа зогсож наймаа хийж байна. Энэ хавийнхан андахгүй болсон. 2002 онд энүүхэнд түцтэй байлаа тэгсэн нэг л өдөр түцийг минь ажиллуулахгүй гэсэн. Тэгээд л гар дээрээс наймаа хийж байна даа. Дандаа цай, кофе, бохь, чихэр зардаг болохоор хэл ам гардаггүй юм. Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй зүлийг нь ойртуулж байна л гэсэн үг.
- Та аль нутгийн хүн бэ? Нас сүүдэр хэд хүрч байна?
- Ах нь Ховд нутгийн хүн. Хотод орж ирээд олон жил болж байна. Амьдрахын тулд янз бүрийн л юм хийх юм. Энэ жил 46 настай. Хоёр охинтой, тэд маань оюутан. Сургалтын төлбөр гэж том даваа ахад нь бий. Мянга мянган төгрөгөөр мэрсээр байгаад болгочихдог л юм.
- Та ямар мэргэжилтэй хүн бэ? Ажилд орох бодол бий юу?
- Ах нь тракторын жолооч мэргэжилтэй. Цаг сайхан үед мэргэжлээрээ ажиллаж л явлаа. Мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Одоо ажилд ороё гэхээр нас зүс, өндөр нам, өнгө заагаад хэцүү байдаг болсон. Гэхдээ ах нь ажилд орохгүй ээ нэг ч гэсэн монгол залуу миний оронд орог. Би бол эндээ худалдаагаа хийгээд дасчихсан учраас болгож л байна. Одоогийн байдлаар ажилгүй хойч үе болсон залуучууд их байгаа болохоор би бас орон тоо бөглөөд яахав дээ.
- Ажилтай болчихвол тогтмол цалинтай болно. Ахуй амьдрал арай дээшлэх юм бишүү?
- Хүн хөдөлмөрлөж байгаа үед ам тосдоно. Залуучууд их ажил голох янзтай. Юм хийе бүтээе гэсэн насандаа яваа хүүхдүүд тогтмол орлоготой болбол илүү дээр байх. Би бол яахав эндээ голдоггүйгээрээ зогсоод амьдралаа залгуулж байя харин залуучууд тогтмол ажлын байртай, орлоготой байсан нь дээр гэж бодож байна.
- Их хүйтэн байна. Сүүлийн хэдэн өдөр хүйтний эрч илүүтэй нэмэгдэж байна?
- Тийм байна. Энэ өвөл их хүйтэн байна. Ах нь тамирчин хүн болохоор хэр барагтаа даарснаас болж өвчин тусдаггүй юм. Эрүүл чийрэг байхад хүйтэнээс өвдөхгүй байж болно.
- Тамирчин юмуу, ямар спортын?
- Ах нь бодибилдинг –н тамирчин, хэрэндээ цол хиргэмтэй. Түүндээ ч дуртай. Энд наймаагаа хийхийн хажуугаар тогтмол бэлтгэл сургуулалт хийнэ. Хөгширсөн ч гэсэн эрүүл байх үүднээс өөртөө зориулж хичээллэдэг.
- Та нийгмийн даатгал төлдөг үү?
- Үгүй ээ олон жил тасалдаж байна.
- Ерөнхийлөгчийн нутаг юм байна шдээ. Нутгийн зөвлөл энэ тэрдээ хандвал танд туслах байхдаа?
- Яахын хөл гар минь хөдөлж л байна. Ажил голохгүй хийж л байна. Энэ нийгэмд надаас илүү хохирсон тахир татуу болсон, өвдөж гэмтсэн тусламж жинхэнэ хэрэгтэй хүн их байна шүү дээ, би болж л байна цаашид ч болгоно доо. Ах нь бас жалга дов гэж ярьж явах дургүй. Адилхан л монгол хүмүүс шүү дээ.
- Танд баярлалаа. Олон хүнд ойроос авч болох зүйлийг нь дөхүүлж яваарай. Нэг талаас бас буянтай ажил байна шүү.
- Тийм шүү. Баярлалаа миний дүү. Хүн яаж ч амьдарч болно. Хүнтэй хүн ёсоор харьцах нь чухал шүү. Одоогийн залуучууд их бүдүүлэг, ёс суртахуунгүй болсон байна. Хүн хүнээрээ л байгаасай гэж хүсэх юм даа.
Б.Саран