Францын үндэсний мэс заслын академийн эрдэмтэд эр бэлэг эрхтэний уртын хэмжээний талаар томоохон хэмжээний судалгааны ажил явуулсан байна. Тэд эрэгтэй хүний бэлэг эрхтэний хэвийн хэмжээ ямар урттай байхыг тогтоожээ. Эрдэмтдийн өгүүлж байгаагаар “нойрсоо, унтаа” байдалд байгаа эр бэлэг эрхтэн 9 сантиметр урттай байвал тэр нь хэвийн хэмжээ гэнэ. Харин хөвчирсөн үедээ хэвийн хэмжээтэй эрхтэн 12.8-14.5 сантиметр урт байх ёстой аж. Эрдэмтэд мөн хэвийн хэмжээтэй эр бэлэг эрхтэний тойрог 8.5-10 сантиметр байдгийг тогтоожээ.
Тэдний явуулсан энэ судалгааны ажлын дүн өөрийн бэлэг эрхтэний хэмжээнд шаналж, гутарч явдаг бүх эрчүүдийг тайвшруулахад хүргэнэ хэмээн мэс засалчид өгүүлж байна. Эрчүүд бэлэг эрхтэнийхээ уртад ихээхэн санаа зовж, түгшүүрийн харанга дэлддэгээс гадна сэтгэлийн хямралд амархан ордог билээ. Эрхтэнийх нь хэмжээ эзэнд нь гологдвол яаран сандран мэс ажилбар хийлгэхгүй байхыг эрдэмтэд уриалжээ. “Сүүлийн жилүүдэд эрчүүд мэс заслын аргаар бэлэг эрхтэнээ томруулахыг ихэд хүсэх болсон. Гэтэл ийм мэс ажилбарууд заримдаа сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Жишээ нь, дур тавих байдал алдагддаг” хэмээн тэд мэдэгдэв. Лондон хотод төвтэй нэгэн эрүүл мэндийн судалгааны төвийн явуулсан санал асуулгаар ийм ажилбар хийлгэсэн эрчүүдийн 70 орчим хувь нь үр дүнд нь сэтгэл ханамжгүй байдгаа илэрхийлжээ. Эрчүүд ийм ажилбар хийлгэсний дараа ямар нэгэн мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдахгүй байгааг өгүүлсэн аж.