Баянгол дүүргийн 8-р хороонд байрлах балетын сургалттай “Элит” гэх хувийн цэцэрлэг хүүхдийн хэл түлжээ. Тухайн үед хүүгийн ээж хүүгээ Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд хэлний уг нь голоороо цоорсон байжээ. Харин эмч нар гайхан “Ийм аймар гэмтчихээд хүүхэд огтхон ч уйлаагүй нь сонин юм аа?
Ямар нэгэн өвчин намдаах лаа, тариа хэрэглэсэн үү” хэмээн асууж байсан бөгөөд тухайн үед хүүгийн хэлэнд таван оёдол тавьсан байна. Харин цэцэрлэгийн эрхлэгч эмэгтэй “танай хүүхэд чинь хэлээ хазсан. Түлээгүй, зүгээр хоолоо хувцасан дээрээ асгасан “ зэрэг тайлбар хэлж, олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсжээ. Мөн эрхлэгчийн нөхөр гэх залуу хохирогч хүүгийн аавыг дарамтлан, манай цэцэрлэгийн бизнес дампуурвал чамайг ална хэмээн айлган сүрдүүлжээ.
Тухайн үед цэцэрлэгийнхэн үнэнээ хүлээгээгүй байсан тул хүүгийн ээж аав Баянгол дүүргийн цагдаагийн газар гомдол гаргасан аж. Шүүх эмнэлгийн дүгнэлт хүүгийн хэлийг мохоо зүйлээр гэмтээгдсэн гэж гарчээ. Гэвч цагдаагийн байгууллага хөнгөн гэмтэл гэж үзсэн байна.
Энэхүү хэргийг прокурорын хяналтад шилжүүлсэн байгаа ч харамсалтай нь одоо болтол ямар нэгэн шийдтэй хариу гараагүй байгаа аж. Гэмтлийн эмнэлгийн эмчийн хэлэхдээ “бяцхан хүү хэлд ороход хэл ярианы бэрхшээлтэй, дулдрай эсвэл бүр хэлгүй болох магадлал өндөр” гэжээ.
Бяцхан хүүгийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учруулсан уг хэргийг холбогдох газрууд анхааралдаа авах биз ээ. Элит цэцэрлэг одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Н.Ганаа