Элдэв төрлийн хорт хавдар үүсэх шалтгаан олон янз. Эрдэмтэд өнөөг хүртэл хортой хоргүй хавдар үүсгэгч хүчин зүйлийг гүйцэд тогтоогоогүй болно.
Зарим хорт хавдрын шинж тэмдэг огт мэдэгдэхгүй явагдах нь ч бий. Гэхдээ өөрийгөө чагнадаг, эрүүл мэнддээ анхаарал тавьдаг хүмүүст бие организмын яльгүй өөрчлөлт, зовиур ч бай анзаарагдаж болно. Жишээ нь:
- Хоол ундандаа хэвийн боловч тодорхой шалтгаангүйгээр тураад байгаа бол…
Хэрэв та турах зорилго тавьж, хоол ундаа хасаагүй бол шалтгаангүй турах нь түгшүүрлэх дохио ч байж мэднэ. Гэхдээ хөдөлгөөн ихдэх, явган явах ажилтай байдаг бол энэ нь ч мөн турахад нөлөөлнө. Юутай ч шалтгааныг нь тогтоохын тулд эмчид үзүүлээрэй! - Өглөө босоход бие нозоордог бол…
Эрүүл хүн нойр муутай хоносон ч эрч хүчээ алддаггүй. Харин унтсан хэрнээ бие нозоордог, төлөвлөсөн ажлаа хойшлуулдаг, ядардаг бол бие өвдсөний шинж. - Хоол идэхэд хоолой дээр тээглэж, горойдог бол…
Хэрэв энэ байдал долоо хоногоос дээш хоног үргэлжилбэл эмчид ханд. Улаан хоолойн хорт хавдар ийм маягаар эхэлдэг аж. - Хоолой сөөх, удаан хугацаанд хий ханиалгадаг бол…
Мөн л эрүүл бус байгаагийн дохио. Хэрэв хориос дээш хоног энэ зовиур үргэлжилбэл өөрөө аргалах гэж бүү оролдоорой. Яаралтай эмчид хандах нь зүйтэй! - Цусархаг ялгадас гарах, шээс, хамраас шалтгаангүй цус гардаг бол…
Энэ бол аюултай. Гэнэт ийм үзэгдэл ганц удаа ч бай илэрвэл эмчид даруйхан очих нь зөв.