Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж байгаатай холбогдуулан хэрэглэгчдэд хэрэглээний боловсрол олгох, хэрэглээний соёл, мэдлэгээ дээшлүүлэх хүрээнд хэрэглэгчдийг хохирохоос урьчдилан сэргийлэх, соён гэгээрүүлэх тал дээр хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах зорилт тавин ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн дарга Ц.Оюундарьтай хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Үйлдвэрлэл худалдаа, үйлчилгээний бүх байгууллагууд хэрэглэгчдэд хандсан менежментийн чиг хандлагыг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ хэрэглэгчдэд хүргэж буй бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ нэг бүрийг стандарт чанарын шаардлагыг хангасан байх, нийгмийн үйлчилгээний бүх салбарын байгууллагын хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээний эцсийн үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийн хангалттай түвшнээр хэмжигддэг байхын тулд тэднийг соён гэгээрүүлэх асуудал нэн түрүүнд тавигдаад байгаа юм.
Иймд МҮОНРТ-тэй хамтран хийгдэж буй ажил, хөтөлбөр, үр дүнгийн талаар хэрэглэгчдэд зориулсан булан, цагтай болох санал солилцож уг асуудлыг Ц.Оюундарь захирал таатайгаар хүлээн авч хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх нэвтрүүлэгтэй болохоор боллоо.