ХХААЯ-ны дэргэд “Малчин лавлах 109” тусгай дугаарын ажиллуулж эхлээд зургаан сар болж байгаа. Энэхүү утсанд малчдаас ирсэн малын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж, алдуул болон хулгайлагдсан малыг эрэн сурвалжлах ажлыг орон даяар шуурхай зохион байгуулахаас гадна цаг агаарын мэдээ, малын халдварт өвчин, малчдын ахуй амьдралтай холбоотой мэдээ мэдээллийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
“Малчин лавлах 109” тусгай дугаарт бүх үүрэн телефоны оператороос үнэ төлбөргүй холбогдож мэдээллээ өгөх боломжтой бөгөөд алдуул болон олсон малын зарыг “Сүлд” телевизээр өдөрт гурван удаа, ЦЕГ-ын “Дуулга” студийн мэдээллийн хөтөлбөрөөр пүрэв гарагт нэг удаа мөн www.todsureg.mn сайт дээр байршуулан олон нийтэд түгээж байна. Өнгөрсөн хугацаанд 123 иргэний 1200 гаруй малыг олж эздэд нь хүлээлгэн өгсөн бол 130-аад мал эзэн нь олдоогүй, лавлахын архивт бүртгэлтэй байна. Түүнчлэн одоогийн байдлаар 500 гаруй иргэний 3000 орчим алдуул малын зарыг дээрх мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд түгээн зарлуулж байна.
Өнгөрөгч оны 11 дүгээр сард Төв аймгийн Жаргалант сумын малчин Д.Батдоржоос бор азарга бүхий 18 тооны адуу олдлоо гэх мэдээллийг “Малчин лавлах 109”-т өгсний дагуу шуурхай ажиллан эзнийг нь олж, энэ сарын 19-ны өдөр адууг нь хүлээлгэн өглөө. Эдгээр адуу нь өнгөрсөн 10 дугаар сард Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр гэдэг газраас алга болсон бөгөөд тус сумын малчин С.Доржготовынх байжээ.