“Эрдэнэс Тавантолгой” ХК бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Цанхийн зүүн уурхайн ажилтнуудыг Хятадын компанид шилжүүлэх шийдвэр гаргасныг эсэргүүцэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийх үеэр өөрийгөө шатаасан билээ. Ингэснийхээ хүчээр ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн 203 ажилтныг шилжүүлэх шийдвэрийг өөрчилж чадсан юм.
Уг болсон явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс С.Эрдэнийн биеийн эрүүл мэнд, эмчилгээнд анхаарал тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгон, мөн эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлыг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас гаргуулах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн юм.
С.Эрдэнийн биеийн 40 хувь түлэгдсэн бөгөөд тэрээр БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Тухайн үед түүний эмчилгээнийх нь зардалд зориулж 130 сая төгрөгийг “Эрдэнэс таван толгой” компаниас гаргалаа гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан хэдий ч энэ нь ташаа зүйл байсан бололтой. Саяхан олон нийтийн сүлжээнд С.Эрдэнийн эмчилгээтэй холбоотой нэгэн пост нийтлэгджээ. Тэнд дурдсанаар, Ч.Сайханбилэгийн Засгийн Газар, “ЭрдэнэсТавантолгой” ХК хоёр С.Эрдэнийн эмчилгээний зардлыг бүрэн даана хэмээн амлаж байсан боловч түүнийг Солонгос руу аргалж явуулаад л хулхидсан гэнэ . С.Эрдэнийн эмчилгээний зардал нь 130 гаруй сая вон болоод байгаа бөгөөд төлбөрөө хийхгүй байна гэсэн шалтгаанаар эмчилгээг нь зогсоогоод 8 хонож байгаа аж. Түүгээр ч үл барам, төлбөрөө ойрын үед өгөхгүй бол шүүхэд шилжүүлнэ гэсэн байна. “ЭрдэнэсТавантолгой” ХК оны өмнө 30 сая вон шилжүүлээд л таг болсон бөгөөд энэ нь эмчилгээний төлбөрийн хаана ч хүрсэнгүй.
Ч.Сайханбилэг тухайн үед Засгийн Газрын тусгай тогтоол гарган эмчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэж байсан ч, одоог хүртэл ЗГ-аас холбогдох ямар ч бичиг баримт гаргаагүй байгаа аж. С.Эрдэнийн ар гэрийнхэн түүнийг Солонгост өөрсдийн зардлаар сахин асарч, удаж байгаа гэнэ.
Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн буруугаас болж өөрийгөө шатаасан энэ хүнд өчүүхэн ч атугай хүнлэг сэтгэл гарган, эмчилгээний зардлынх нь асуудлыг яаралтай шийдэж өгөхгүй бол “ядрахад яр” гэгчээр урдаа өвчин зовлондоо шаналж ядаж байж, хүний газар шүүх цагдаагийн ажилтай заваараад унавал яаж зовох нь ойлгомжтой биз ээ.
Д.Мигаа
breakingnews.mn