Монголын анхны хүүхэд залуучуудын номын сан удахгүй баригдана

Хүүхдийн  Төв Номын Сангийн  захирал  Д.Оюунбилэг:

зураг22

 Хүүхдийн төв номын сангаар сонин юу байна. Одоогоор хэдэн танхимд үйл ажиллагаагаа явуулж байна вэ?

  • Өнгөрсөн жилийн хамгийн том сонин гэвэл Хүүхдийн номын ордон маань Засгийн газрын тогтоолоор “Хүүхдийн Төв номын сан” болсонд  уншигч хүүхэд залуучууд, номын санчид бид бүгд баяртай байгаа. Энэ тогтоолын бас нэгэн чухал заалт нь шинээр баригдах Хүүхдийн Төв номын сангийн газрын асуудлыг шийдвэрлэх асуудал байсан. Энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон түүний багийхан нааштайгаар хүлээн  авч дахин төлөвлөлтийн долоо дугаар хороололд газар олгохоор шийдвэрлэсэн. Мэдлэгийн зуунд хүүхэд залуучууд ихтэй манай орны хувьд тэдэндээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт гэдэг утгаар нь барилгын асуудал дээр БСШУЯ-наас ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. Шинээр баригдах энэхүү барилга нь хүүхэд залуучуудад зориулан баригдах  Монголын анхны хүүхэд залуучуудын номын сангийн барилга болох учиртай юм.

Одоо Хүүхдийн төв номын сан нь зургаан танхимаар  номын сангийн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид их бага зургаан танхимдаа өдөрт 300 орчим хүүхдэд үйлчилдэг. Өнгөрсөн онд  манай номын сан  101 000 номоор 160 000 мянган хүнд үйлчилсэн байна. 2015 онд манай номын сангаас нийтддээ 223 нэр төрлийн соёл, олон түмний арга хэмжээг зохион байгуулаад байна. Мөн зөөврийн номын сангаар уншигчдад үйлчилдэг.

Номын сан явуулаар үйлчилдэг гэсэн үг үү?

  • Олон улсын жишгээр номын сангийн үйлчилгээ нь хүн бүрд тэгш хүрч үйлчлэх ёстой байдаг. Тиймээс бид Баянхошуу, Морингийн даваа зэрэг газар амьдарч байгаа  алслагдсан дүүргийн хүүхдүүд  , улсын “Өнөр бүл” төвийн хүүхдүүд,  хүүхдийн болон эмэгтэйчүүдийн хорих зэрэг 22 газарт хүрч үйлчилж байна. Эдгээр тодорхой цэгт 45 хоногийн хугацаатайгаар номыг байршуулан үйлчилдэг.

      Хүн болон төлөвшихөд номтой нөхөрлөх нь хамгийн чухал болоод байна. Хуучин нийгмийн үед ангиараа номын санд ирдэг байлаа. Одоо тийм зохион байгуулалт хэр үгүйлэгдэж байна?

  • Ангийн багш нараасаа болдог юм. Багш нар нь танилцуулж, ирж үзүүлж байвал хүүхдүүд аяндаа номын хорхойтон болно. Нэг анги ирлээ гэхэд тэр дундаас 10-аад хүүхэд үлдэж уншигч болдог байх жишээтэй. Манай танхим бүр өөр өөрийн онцлогтой “мөрөөдөл” танхимын уншигчид анги хамт олноороо ирээд ном уншдаг байхад “Их мэдэх” танхимынхан ээж ааваараа хөтлүүлэн ирдэг. Жишээ нь нийслэлийн 24-р сургуулийнхан маш сайн ирдэг. Утга зохиолын багш нар нь сайн бол хүүхдүүддээ дагуулан ирж номтой нөхөрлөх замыг нь засдаг юм.
  • Номонд дурлуулахын тулд ямар арга хэмжээ авдаг юм бэ?
  • зураг33
  • Соёл, олон түмний ажил гэдэг маань үндсэндээ энэ л дээ. Манай номын сан яагаад ийм олон соёлын ажил хийгээд байна вэ гэхээр номын сангийнхаа онцлогоос хамаарч байгаа юм. Учир нь хүүхэд  насанд хүрсэн уншигчидтай адил өөрийн сонирхсон номоо шууд аваад унших бэлтгэл бага байдаг. Тиймээс тэднийг уншлаганд зөв залахын тулд бага насны хүүхдүүдэд чангаар ном үлгэр уншиж өгөх, дунд насны хүүхдүүдийг зохилчидтой нь уулзуулах, шинээр гарсан номыг танилцуулах, залуучуудыг өөрсдийнх нь сонирхсон  сэдвээр лекц уншуулах, яруу найргийн үдэшлэг зохиох гээд  төрөл бүрийн ажлыг зохион байгуулдаг. Номонд дуртай болгохын тулд ангиараа ирж номын санд хонох хүртэл ажил зохиодог. Энэ “шөнийн”  уншлагыг сургуулийн дунд насныханд зориулан хэд хэдэн удаа зохион байгуулаад байна. Хүүхдүүд анги бүлгээрээ  үдээс маргааш өглөөг хүртэл номын санд байж ном унших, кино үзэж ярилцах, зохиолчтой уулзах, тоглоом тоглох, үдшийн болон өглөөний цайгаа уух  зэргээр  өнгөрүүлдэг. Ингэснээр ном, номын санд ойртох, багаар ажиллах чадвар суух зэрэг  шинжүүд хүүхдэд төлөвших  сайн талтай .

Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт Үзэг” төв байдаг. Хүүхдийн зохиолчдоос гадна хүүхдийн номын зураачид дууны ач зохиогчид гэх мэт хүүхдийн ном бүтээгчдийн нэгдсэн төв юм. Мөн залуу яруу найрагчдын “Залуу нас” төв мөн манай номын сан дээр хичээллэдэг. Бид энэ хоёр төвийн уран бүтээлчидтэйгээ хамтран олон ажил зохион байгуулдаг. Зохиолч номын санчид хамтран ярилцаад  ажлаа чанаржуулахын тулд зохиолчтой уулзалт хийхийн өмнө тухайн зохиолчийн  номыг нь заавал уншуулах ажлыг хийдэг болсон.  Энэ нь ч үр дүнтэй байгаа.

  • Хүүхдүүд энэ номын сангаасаа өөр юу хүсдэг юм бэ?
  • Хүүхдийн номын сангийнхаа хажууд хөгжим, зураг, уран уншлага гэх мэт олон дугуйланг ажиллуулаач гэсэн хүсэлт их байдаг. Үүнийг хийхэд одоогоор бидэнд шаардлагатай танхим сургалтын орчин байхгүй байна. Тун удахгүй шинэ номын сантай болоход энэ асуудал шийдэгдэх байх гэж найдаж байна.

Танай удирдлага болох боловсролын яамнаас танай үйл ажиллагаатай холбоотой ямар арга хэмжээ авдаг вэ?

  • Боловсрол, ном, номын сан зэргийг салгаж ойлгох аргагүй. Ном, авъяас хөтөлбөрийг яамнаас хэрэгжүүлж байгаа. Нийгэмд ном уншигчдын тоо буурч байхад ном хөтөлбөр хэрэгжиж Монголын нийгмийг номоор сэрээж өгсөн. Энэ хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн анги нэг бүрийг ангийн номын сантай болгосон. Саяхан яамнаас  Азийн сантай хамтран   ЕБС-ийн хүүхдүүдийн заавал  унших ёстой 100 гаруй цахим номноос бүрдсэн санг алслагдсан дүүргийн зургаан сургуулийн хүүхдүүдэд хүлээлгэж өгсөн гээд хийж байгаа ажил их бий.
  • Таны ажигласнаар номын санд уншлага хийхэд хүүхдүүд юун тухай хүсэж мөрөөдддөг юм бэ?
  • Хүүхдийг бид дандаа бага гэж боддог нь томчууд бидний алдаа. Хүүхэд өөрөө агуу том ертөнц байдаг. Бид саяхан “Миний мөрөөдлийн номын сан” сэдэвт гар зургийн уралдааныг бага болон дунд насны  уншигчдынхаа дунд зохион байгуулсан. Тэр уралдаанд ирүүлсэн хүүхэд бүрийн зурагнаас хүүхдүүд  байгаль, ээж аав, тоглож байгаа орчноо их харуулсан байсан нь хүүхдүүд чухам юу мөрөөдөж байдгийг бидэнд илэрхийлсэн  даалгавар байна гэж бид хүлээн авсан.
  • Цахим номын сангийн талаарх таны бодол?
  • Цахим ном мэдээж чухал. Өөрийн гэсэн сайн талууд ч олонтой. Ялангуяа бага насны хүүхдийн анхны номнууд хэвлэмэл байх нь номонд дуртай болох мөн эрүүл мэнд талаасаа ч хамгийн зөв. Саяханы  судалгаагаар цахим ном нэг хэсэг уншиж байгаад  нас ахих тусам  эргээд хэвлэмэл номоо илүү сонирхдог юм байна гэсэн судалгаа гарсан байна билээ. Ном хэвлэл гэдэг зөвхөн унших төдий ч зүйл бас биш. Номын хийц, хэвлэл чинь тэр чигээрээ урлаг соёлын их өв юм.
  • Танайх Хүүхдийн номын сан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд  зориулсан  орчинг хэр бүрдүүлсэн бэ?
  • Манай номын санд яг тухайлчлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан уншлагын танхим, орчин байхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зөөврөөр ном өгдөг ч гэсэн мэдээж бүрэн дүүрэн үйлчилгээг хүргэж чадахгүй байгаа. Саяхан байгуулагдсан Чингэлтэй дүүргийн номын сан тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломж бүрдүүлсэн  зам, лифт хийж өгсөн байсан.  Бид шинээр баригдах номын сандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад үйлчлүүлэх уншлагын танхим, орчин бүрдүүлж өгөхөөр тусгаад байгаа.
  • Барууны орнуудад хүүхдийг номонд дурлуулахын тулд уншиж өгч үйлчилдэг юм байна. Манайд тийм нөөц бололцоо бий юу?
  • Манайд тийм нөөц бололцоо байгаа. Чанга уншлага гэж бага насны хүүхдүүдэд ном уншиж номонд дурлуулах алхамыг хийдэг. Энэ ажлыг бичиг үсэгтэй, номонд дуртай, хүүхдэд хайртай ямар ч хүн хийх боломжтой. Гадаадын номын сангуудад сайн дурын ажилтнууд их хийдэг юм байна лээ.
  • Скаут гэдэг шиг хүүхдийг ямар ч орчинд танин мэдэхүйн мэдээлэл авах хөтөлбөр байдаг уу?
  • Зуны цагт хүүхдүүдийн амралттай үед нь “Сурагчдын холбоо”-той хамтран зуны уншлага зохион байгуулдаг.  Сүүлийн 2 жилийн зун хүүхдийн зусланд Хүүхдүүдийг зохиолчтой хамт ойд зугаалан танин мэдэх, уншлага хийх, байгаль дэлхийгээ ухаарахад нь мэдээлэл өгөх өдрийг зохион байгуулж байна.
  •     Б.Саран
  • Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …