Говь-Алтай аймгийн Шарга, Хүйсийн говийн нутгаар цочир хүйтэрч, цас нэлээд зузаан болсноос хар сүүлт зээр, монгол бөхөн зэрэг амьтад идэш тэжээлгүйдэж хорогджээ. Тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дөрвөн ажилтан Шарга, Хүйсийн говийн нутгаар нэгдүгээр сарын 28-31-нд явж, нөхцөл байдалтай танилцсан байна. Энэ үеэр өдөртөө 25-30, шөнөдөө 40-46 хэм хүйтэрч, цасны зузаан сүүлийн таван жилийн дунджаас 2-3 дахин их буюу 14-17 см хүрчээ.
Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Олонбаатар “Хөдөөгүүр нөхцөл байдал нэлээд хүнд байна. Ойрын хэдэн жил болоогүй энэ хүйтэнд идэш тэжээл багатайгаас болж хар сүүлт зээр, бөхөн ихээр хорогдож, айлын хот бараадан үхжээ. Мөн Шаргын говь, Халиуны хоолой, Төгрөгийн хүрэн гол орчимд идэшгүй, харгана бутны толгой цасанд дарагдсанаас болж амьтад бээрч, хэвтэр дээрээ хөлджээ. Биотехникийн арга хэмжээ авах талаар орон нутгийн удирдлага, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төлөөлөгчдөд танилцуулж, яаралтай арга хэмжээ авахаар ажиллаж байна. Хөрөнгө, санхүүгийн байдал хүнд байгаа. Гэхдээ энэ асуудлыг яаралтай шийдэх байх” гэв.
эх сурвалж: өнөөдөр сонин