“Монголоороо байгаасай” дууны үг хэнийх юм бэ. С.Амармандахынх гээд байх юм?
-Цогжилтынх байгаа юм. Харин аяыг нь Баян зохиосон.
-Л.Гүндалай энэ дууг дуулаад дүрсжүүлжээ. Та харав уу?
-Харсан. Их заваан юм хийсэн байна билээ. Надад дуулах гэж байгаагаа хэлэхэд нь би зөвшөөрөөгүй. Зөвшөөрөл аваагүй хэрнээ клип хүртэл хийжээ. Тэгэхдээ бүр манай клипний дүрснээс тастчихаж. Ингэж болохгүй шүү дээ.
-Тантай ирж уулзахдаа юу гэж байсан юм бэ. Өөртэй нь холбогдохоор “Зөвшөөрөл хамаагүй шүү дээ. Цөмөөрөө хуулийн дагуу л ярья” гэж байна?
-Энэ дууг дуулмаар байна. Танай клипнээс чиний дүрсийг авч хаяад би дуулъя гэсэн. Тэгэхэд нь зөвшөөрөөгүй. Хэлээд байхад л хийчихсэн байгаа байхгүй юу. Одоо миний хажууд дуучин Амараа хүртэл ирчихсэн наад асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гээд сууж байна. Ямар ч байсан эхлээд Гүндалайтай уулзана. Энэ асуудлаар над руу олон хүн утасдаж байна. Зөвшөөрөл өгөөгүй байхад өөрийнхөөрөө зүтгэж ийнхүү клип хийгээд дуулчихсныг нь ерөөсөө ойлгохгүй юм. Уг нь би энэ дууг дуулах гэж байгаа юм бол эхлээд автороос нь зөвшөөрөл ав. Дараагаар нь өөртөө тааруулаад цоо шинээр хөгжим хийлгээд, дүрсжүүл гэж хэлсэн. Ингэж хэлсээр байхад гүрийгээд хийчихэж байгаа нь янз үзэж байгаагийн нэг хэлбэр.
-Оюуны өмчийн асуудал ч гэсэн хөндөгдөх байх?
-Тэгэлгүй яахав. Амараа Гүндалай руу бас ярьсан байна билээ. Тэр клипнээсээ миний дүрсийг авч хаяарай гэж хэлсэн гэсэн. Хувь хүнийхээ өмчид зориулж хийсэн иймэрхүү клипэнд бидний бүтээлийг ерөөсөө ашиглах ёсгүй юм.
-Энэ дууг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан бас дуулж, дүрсжүүлэх гэж байсан тухай мэдээлэл байна?
-Би энэ талаар Амараагаас сонслоо. Хэнээс ч зөвшөөрөл авсан юм. Ямар ч гэсэн бид энэ талаар хэвлэлийн бага хурал хийх юм уу эсвэл мэдэгдэл гаргана. Хамгийн гол нь урлагийг ингэж болдог гэсэн ойлголт төрүүлчихэж байгаа байхгүй юу. Хүний өмчийг, урлагийг ингэж доромжилж болдог юм гэсэн ойлголт нь л энд яваад байна. Үүний эсрэг зогсох болно. Доромжлуулаад зүгээр суугаад байхгүй шүү. Наад нөхөр чинь сонгуулийнхаа пиарыг нь хийгээд байгаа юм шиг байна. Хүмүүсийн анхаарлыг өөртөө татах гэсэн арга нь л энэ байх. Өөрийг нь тоохгүй байгаа болохоор л хар пиар хийж сонгуулиар гарч ирэх гэсэн санаа л даа.
Эх сурвалж: www.assa.mn