Агаарын бохирдлыг бууруулж, нялхасаа өвчлөхөөс сэргийлье

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог бөгөөд дэлхийн хүн амын 15 хүртэлх хувь нь өртдөг гэсэн тооцоо байдаг. Томуу, томуу төст өвчин нь үечлэн давтагдсаар хүн ойролцоогоор амьдралынхаа бүтэн нэг жил энэ өвчнөөр өвчилдөг болохыг судлаачид тогтоожээ.Ханиад томуугийн вирусын халдвар дамжуулах хамгийн түгээмэл зам нь агаар дуслын зам юм.

download (9)

Ханиад томуу зэрэг амьсгалын дээд замын үрэвсэл нь хатгалгаар болж хүндрэх нь элбэг байдаг ба энэ нь 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын шалтгааны 15%-ийг эзэлж,  зөвхөн 2015 онд гэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буйгаар энэ  өвчний улмаас 922000 хүүхэд эндсэн байна.

Сүүлийн 5 жилд (2010-2014)  манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл орж, 2014 оны байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83,1%-ийг нялхсын (1сар-1 нас), 54,2%-ийг нярайн (0-28 хоног)  эндэгдэл эзэлж байна. Энэ нь Монгол улсад 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд нялхсын болон нярайн эндэгдлийг бууруулах асуудал нэн чухал болохыг харуулж байна.

Улаанбаатар хотын хүн амын дунд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн амьсгалын тогтолцооны өвчлөлийн бүтэц, нас баралтын шалтгааныг авч үзэхэд эхний байранд уушгины хатгалгаа өвчин орж байгаа нь статистик тоон мэдээллээс харагдаж байна. (Эрүүл мэндийн статистик 2010-2014)

Хэдийгээр уушгины хатгалгаа амархан эмчлэгддэг, хялбар аргаар сэргийлэх боломжтой боловч агаарын бохирдол, орчны нөхцөл, хоол тэжээлийн дорой байдлаас болж өнөөг хүртэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байгаа нь үнэхээр эмзэглүүштэй.

Хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд буюу амьсгалын замын хамгийн жижиг хэсгүүд гэмтэж  үрэвсэхийг уушгины хатгалгаа гэдэг ба бохир агаараар амьсгалсны улмаас хүчилтөрөгчийн дутагдалд орж, үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадан, амьсгалын тоо олширдог.

Хатгалгаанаас урьдчилан сэргийлэх нь хүүхдийн нас баралтыг бууруулах стратегийн зайлшгүй чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Бактерийн болон пневмококкийн халдвар, улаанбурхан зэрэг өвчний эсрэг дархлаажуулалт нь хатгалгаанаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй аргад тооцогддог бөгөөд мөн дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах, тухайлбал, сайжруулсан зуух болон  шахмал түлш хэрэглэх, гэр орондоо ариун цэвэр, эрүүл ахуйг сайтар сахих нь хатгалгаа өвчнөөс сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

ханиад

Ханиад томуу болон хатгалгаагаар өвчлөх эрсдэлээс сэргийлэх, өөрсдийгөө хамгаалахын тулд дараах энгийн зөвлөгөөг хэвшүүлэх хэрэгтэй. Үүнд:

–  Даарахгүй байх, цаг агаар, ажил, амралтандаа зохицуулан хувцаслах

–  Гэр сууц, анги танхим, ажлын байрандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд тогтмол агааржуулах

–  Улирлын томуугийн вакцинд хамрагдаж байх

–  Хувийн ариун цэврийг сайтар сахиж, гараа тогтмол угааж хэвших

–  Хог хаягдлыг гэртээ удаан байлгахаас зайлсхийх

–  Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, тоос тоосонцоргүй орчинг бүрдүүлж, тамхи татахгүй байх

–  Халуун цай, аарц, байгалийн жимсний шүүс зэрэг шингэнийг хангалттай хэрэглэх

–  Эрүүл аюулгүй, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

–  Ханиаж найтаахдаа амаа дарах, гар руугаа ханиахаас зайлсхийх

–  Амралтын өдрүүдэд хотоос гадагш цэвэр агаарт  гарах, явган явах

–  Өглөө, оройн цагаар бага насны хүүхдээ салхилуухаас зайлсхийх хэрэгтэй.

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төв

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …