Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүй олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй энэ сарын мөнгөтэй хамтатган олгох талаар албаныхан хэлж байсан.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн банкууд эхний сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ. Тодруулбал, Төрийн банкинд хүүхдийн мөнгөний санхүүжилт орж эхэлсэн учраас өнөөдрөөс эхлэн өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг бэлнээр авах иргэдэд олгож байгаа аж. Харин хүүхдийн мөнгөө картаар авдаг иргэдийн хувьд маргаашнаас эхлэн нэгдүгээр сарын мөнгө данс руу нь шилжих юм байна.
Түүнчлэн ХААН банкны хувьд өнөөдөр хүүхдийн мөнгөний санхүүжилт орж байгаа учраас маргаашнаас эхэлж олгоно гэв. Гэхдээ зөвхөн нэгдүгээр сарын мөнгийг олгох бөгөөд энэ сарын хүүхдийн мөнгийг 20-ноос хойш олгох гэнэ.