Дэлхийн бөмбөрцөг дээр монголоороо гоёсон элэг нэгт монголчуудаа!
Та бүхэндээ XVII дугаар жарны гал бичин жилийн хаврын Тэргүүн сарын шинийн нэгний мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Улиран одож байгаа модон хонь жилдээ монголчууд бид 3 сая дахь иргэнээ өлгийдөн авч, малчин түмний минь нөр их хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүргийн тоо 56 саяд хүрлээ. Энэ нь нүүдэлчин монголчуудын өсөн үржих, өөдлөн дэвжихийн билэгдэл юм.
Монгол Улсын Их Хурал хүн амаа өсгөх бодлогыг тууштай дэмжиж, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгохоор боллоо. Настан буурлуудаа тэтгэн дээдлэх төрийн бодлогыг тодорхойлж, Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. Хүн ардынхаа эрүүл мэнд, боловсролд анхаарч, Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль, Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлж эхэллээ.
Сүүлийн 25 жил дэлхийд байхгүй өндөр зээлийн хүү төлж ирсэн баялаг бүтээгчдэд тулгарч байсан зээлийн хүүгийн дарамтыг Ардчилсан намын Засгийн газар 2012 оноос хойш үе шаттай хөнгөлж ирсэн билээ. Цаашид ч зээлийн хүүг буулгана. Орон сууцны зээлийн хүү 15-20 хувь байсныг 8 хувь болгож бууруулснаар 76 мянган өрх шинэ байранд орлоо. Чингис бондын эх үүсвэрээр 6-8 хувийн хүүтэй үйлдвэрлэл эрхлэгчийн зээлийг шинээр бий болгож, 1 их наяд гаруй төгрөгийн гүйцэтгэлтэй байна. Сар шинийн өмнө малчны зээлийн хүү ч буурлаа.
Хатуу ширүүн цагийн аясыг даван туулдаг малчин түмнийхээ үйлдвэрлэл эрхэлж, аж ахуйгаа амжилттай эрхлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн банкны малчны зээлийн хүүг жилийн 18 хувь, сарын 1,5 хувь болголоо. Цаашид малаа эрүүл байлгасан, нийгмийн даатгалаа төлдөг малчин дансаараа гүйлгээгээ хийдэг нөхцлийг хангасан бүх малчны зээлийн хүү 3 дахин буурч, жилийн 10 хувь буюу сарын 0,8 хувийн хүүтэй болно. Бид малчны зээлийг мал аж ахуйн үйлдвэрлэл, ХАА-н экспортыг дэмжих чухал хөшүүрэг болгон ашиглах ёстой гэж үздэг. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр гацаанд орсон орон сууцны 8 хувийн зээлийг сэргээснээр сар шинийн өмнө олон зуун айл байрандаа орлоо. Ирээдүйн тэтгэвэрийн нөөц сангийн хуулийг баталснаар цаашид ипотекийн зээлийн хүүг 5 хувь болгон бууруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд барилгын салбар, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч мянга мянган монголчууд ажилтай орлоготой болж, олон зуун айл өрх орон сууцанд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм. НӨАТ-ын 10 саяын босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр иргэд худалдан авалтандаа төлсөн татварынхаа хоёр хүртэл хувийг буцаан олгох хууль бодит амьдралд хэрэгжиж эхэллээ.
Анхны Ардчилсан сонгууль болж, Байнгын ажиллагаатай парламент байгуулдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу олон мянган иргэн эрх чөлөөтөй болсон. Тэд төрийн хайр энэрлийг дааж, шинийн нэгний энэ сайхан өдөр аав, ээж, ахан дүүсийнхээ хамт золгож байгаа.
УИХ бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газар хэдэн арван жилд хийж чадаагүй авто замыг тавьж, эрчим хүчний, цементийн, барилгын, төмрийн, арьс ширний, ноос ноолуурын, мах махан бүтээгдэхүүний, үйлдвэрүүдийг сэргээн босгож, Монгол Улсад аж үйлдвэрийн бодлого эрч хүчээ авч байна. Үр дүнд нь монголчууд аймаг нийслэлийг холбосон авто замаар тав тухтай зорчиж, иргэд, аж ахуйн байгууллагууд үндэсний үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртэж эхэллээ. Энэ жил дэлхийн 50 гаруй орны 5000 гаруй өндөр дээд хэмжээний зочид, төлөөлөгчид АСЕМ-ын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулах нь Монгол Улсын төр засгийн төдийгүй нийт Монголчуудын нэр төрийн хэрэг болж байна.
Ардчилсан Монгол Улсын иргэдээ!
Та бид 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж, УИХ-д болон аймаг, нийслэлийн иргэдийн хуралд өөрийгөө төлөөлөх түшээдийг сонгох гэж байна. Монголчууд ардчиллын буянаар айж ичилгүйгээр сар шинийн баяраа тэмдэглээд 26 жил боллоо. Ардчилсан нам “Монгол хүн-2020” урт хугацааны хөтөлбөрөө тууштай үргэлжлүүлж, эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө хүчин зүтгэнэ гэдгээ шинийн нэгний билэгт сайн энэ өдөр батлан илэрхийлж байна. Монголчууд Та бүхэн минь тусгаар улсынхаа гал голомтыг мөнхөд бадрааж, айл хотлоороо, ахан дүүсээрээ амар амгалан, сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ БУЯН ЗАЯА ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ !