8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах иргэдийн банкуудад төлөх шимтгэл, хураамж

6fabae2edc8f8bd6original Нийт арилжааны 14 банк 20 жилийн хугацаатай, 160 сая хүртэл төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэйгээр  олгоно.

Харин зээл хүссэн өргөдлийн хураамж банкуудад харилцан адилгүй байна.

Худалдаа Хөгжлийн Банк, Голомт, Улаанбаатар, Хас, Капитрон банкны хувьд өргөдлийн хураамж 10000 төгрөг авч байгаа бол Хаан, Капитал, Төрийн банк болон саяхан тус банктай нэгдсэн Хадгаламж банк 15000 төгрөг, Эрэл банк 20.000-50.000 төгрөгийг өргөдлийн хураамжинд авна.

Зээл олголтын шимтгэлийн хувьд  Төрийн банк, Хаан, Хас, Капитрон банкууд 1 хувийн шимтгэл авч байгаа бол Худалдаа Хөгжлийн Банк 0,2 хувь, Эрэл 0,3 хувь, Голомт, Улаанбаатар, Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк, Капитал банк, Чингис Хаан Банк 0,5 хувийн шимтгэл тооцож байна.

Зээлийг найман хувь руу шилжүүлэхэд Худалдаа Хөгжлийн Банк шимтгэл огт аваагүй бол Хас, Капитрон Банк 0,25 хувь, Голомт, Эрэл банк 0,3 хувь, Хаан, Улаанбаатар банк 0,50 хувь, Чингис Хаан банк 0,5 хувь, Төрийн Банк 1 хувийн шимтгэл  тооцож байна. Капитрон банк шимтгэл 0,25 хувь дээрээ нэмж барьцааны гэрээнд өөрчлөлт оруулсны 10000 төгрөг авч байгаа аж.

Зээлийг өөр банк руу шилжүүлэх боломжтой эсэхийг лавлалаа.  Голомт, Хаан, Худалдаа Хөгжлийн Банк, Төрийн Банк зэрэг банкууд  “Боломжтой, гэхдээ зээлийг дахин судална” гэсэн хариултыг өгч байна. Бусад  банкны хувьд зээлийг өөр банк руу шилжүүлэх боломжгүй аж.

Урьдчилгаа төлбөрт орон сууц барьцаалж болно гэж уг зээлийн журманд заасан ч Капитрон банк орон сууц барьцаалахгүй гэнэ.

Орон сууцны зээл авах хүмүүс амь насны болон эд хөрөнгийн даатгалд заавал даатгуулдаг. 8 хувийн зээл олгож байгаа банкууд даатгалын компаниудтай өөр өөр хувь хэмжээгээр тохирсон байдаг тул зээл авах хүнд сонин байж болох юм. Эд хөрөнгийн даатгалыг орон сууцны үнийн дүнгээс жил бүр, амь насны даатгалыг зээлийн өрийн үлдэгдлээс жил бүр төлдөг.
Хамгийн бага хувь хэмжээтэй /0.11%/ даатгалын хураамжийг Тэнгэр даатгал Хас банкны зээлдэгчдээс авч байна. Хамгийн өндөр /0.18%/ хураамжийг Монгол даатгал Эрэл банкны зээлдэгчдээс авна.
Даатгалын компаниуд банкуудтай өөр өөр хувиар тохирсон байна. Жишээ нь, Монгол даатгал Хаан банктай 0.13%, ХХБанктай 0.15%, Эрэл банктай 0.18%-иар тохирч, Чингис хаан банктай эд хөрөнгийн даатгал 0.13%, амь насны даатгал 0.15%-иар тохирсон байх жишээтэй.

Зээл хүсэгчид нь сүүлийн нэг жил тогтвортой хөдөлмөр эрхэлсэн байх шалгуурыг ихэнхи банкууд  тавьж байгаа бол Капитрон, Төрийн Банк сүүлийн 6 сар ажилласан байхыг шаардана.

Мөн хувиараа бизнес эрхлэгчид сүүлийн нэг жил бизнес тогтвортой эрхэлсэн байх ёстойг дийлэнхи банкууд анхааруулжээ. Харин Худалдаа Хөгжлийн Банк хувиараа хөдөлмөр  эрхлэгчдийг сүүлийн 2 жил бизнес эрхэлсэн байхыг шаардсан байна. Капитал, Капитрон банкууд  харьцангуй уян хатан хандаж, сүүлийн 6 сар бизнес эрхэлсэн байхыг шалгуур болгожээ.

Тэтгэврийн насанд  дөхсөн иргэд зээлийн хугацааг ихэд сонирхож байна. Тэгвэл Капитал, Капитрон, Хас банк зээлийн гэрээний хугацаа дуусах үед 65-аас дээшгүй настай байхыг шаардана.

Хамтран зээлдэгчтэй тохиолдолд  зээл төлж дуусах үед тэтгэврийн насны  иргэн байж болно гэж Худалдаа Хөгжлийн Банк үзжээ.

Голомт банкны хувьд 45-аас дээш насныханд 10 жилийн хугацаатай, бизнес эрхэлдэг бол 20 жилийн хугацаатай зээл олгох юм байна. Бусад банкууд 40-өөс дээш насны иргэд зээл хүссэн тохиолдолд хурлаар оруулж, хугацааг хэрхэн богиносгохоо шийдэх ажээ.

О.Наранцацралт

ugluu-logo5

                                                                                                           

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …