Гэгээн хайрын өдөр буюу Валентины баяр дөхөж байгааг тохиолдуулан хосуудад зориулсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ олноор гарч байна.
Тухайлбал, бие биенээсээ алс хол байгаа хосуудыг зүрхний цохилтоор нь холбох технологийг Их Британийн нэгэн компани танилцуулжээ. “Пиллоу-Ток” нэртэй энэ төхөөрөмж хүний зүрхний цохилтыг мэдрэн, хайртай хүнийх нь дэрэн доор байрлуулсан чанга яригчаар дамжуулдаг юм байна. Гадаад улс оронд ажиллаж амьдрах, сурч боловсрох түгээмэл болсон энэ эрин зуунд бие биенээсээ алс газар амьдарч байгаа хосуудын тоо улам бүр нэмэгдэж байна. Эдгээр хос жил бүрийн гэгээн валентины өдрийг зурвас, захидлаар хайраа илэрхийлж, утсаар ярих, мэндчилгээ илгээх зэргээр өнгөрөөдөг. Харин энэ уламжлалт арга хосуудыг ойртуулах хангалттай арга биш гэж “Литтл Райот” компанийнхан үзэж байна. Ийм ч учраас тус компани блютүт холболттой бугуйн зүүлт, чанга яригч болон ухаалаг утасны аппликешн ашиглан хайртай хүнийхээ зүрхний цохилтыг шууд сонсох боломжийг хосуудад нээжээ. “Литтл Райот” компанийн тайлбарлаж байгаагаар бугуйн зүүлт судасны лугшилтыг мэдрэн, хосынх нь дэрэн дор шургуулсан чанга яригчаар дамжуулах юм байна. Хосууд бугуйн 2 зүүлт, 2 чанга яригчийг хамтад нь 179 америк доллараар захиалах боломжтой юм. Анх энэ технологийг алсад суугаа хос хоёрт зориулан бүтээсэн ч цэргийн алба хааж байгаа аавыгаа санасан хүү, харь оронд сурч байгаа хүү, охиноо санасан эцэг, эхчүүд мөн хэрэглэх нь олширсон байна. Хайртай хүнийхээ зүрхний цохилтыг дэрэн дороосоо сонсох нь хамтдаа байгаа мэт онцгой мэдрэмж төрүүлдэг болохыг тус технологийг хэрэглэгчид ярьж байгаа юм.