Шаазан урлаач залуугийн урлангаар зочлов

Монгол залуу гангар шаазан хийжээ. Х.Хадхүү хэмээх уран бүтээлч гангар шаазангаар аяга, таваг, ваар, айрагны ваар хийхээс гадна Өндөр гэгээн Занабазарын дүр бүхий шаазан баримал, Ногоон дарь эх бурхан, Чингис хааны хөрөг зурагтай ваар гээд олон нарийн ур хийц бүхий бүтээлийг урлаж, түүгээрээ өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргажээ.

Гангар шаазанг монголчууд ховор нандин эд гэж ярьдаг билээ. Гангар шаазангаар хийсэн аягыг үлээх төдийд л хонх шиг цуурайтан сайхан дуугардаг гэлцдэг. Сүүлд нэг монгол эмэгтэй гангар шаазан хийх аргыг мэдсэн ч удалгүй амиа алдсан гэсэн цуу яриа хүртэл байдаг. Тэгвэл энэхүү гангар шаазанг монгол залуу хэрхэн бүтээж хийснийг сонирхохоор шаазан урлаач Х.Хадхүүгийнд өнжлөө. Түүний гэрт очихоосоо өмнө үзэсгэлэнг нь сонирхохоор “Улаанбаатар” музейг зорив. Биднийг очихтой зэрэгцээд нэлээд олон зочин орж таарлаа. “Алив гангар шаазанг чинь харъя. Хаана байна” хэмээн үзэсгэлэнг сонирхохоор ирсэн зочид асуулаа.

Нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан 40 эргэм насны, үсээ ургуулсан эр өөдөөс угтан ирсэн нь уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж буй Х.Хадхүү байлаа. Тэрбээр “Ирсэн хүмүүс бүгд л тэгж асууж байна. Эхлээд бүтээлүүдээ танилцуулаад сүүлд нь хийх аргыг жичид нь хэлж өгнө дөө” гэж хошигноод авсан юм. Гангар шаазангаар хийсэн аяга, таваг, ваар, архины гүц, хөөрөг зэргийг хийснээс гадна, Өндөр гэгээн Занабазарын таван дүр бүхий бүтээлийг урлажээ. Түүхэнд одоогоор Өндөр гэгээний дүрийг таван янзаар уран баримлаар дүрсэлсэн нь үүнээс өөр байхгүй гэж тайлбарлав. Мөн 21 Дарь эх, Ногоон дарь эх бурхныг урласнаас гадна Монголын хаадуудын хөргийг шаазан вааран дээр дүрслэн бүтээжээ. Хамгийн сүүлд Ю.Цэдэнбал агсны хөрөг бүхий ваар хийсэн нь удахгүй болох 100 жилийн ойд нь зориулсан аж. Шаазан айрагны ваар түүний үзэсгэлэнгийн бас нэг чимэг байлаа. Ирсэн хүмүүс ч шаазан ваарыг их сонирхож байлаа. Тэрбээр “Манайхан Хятадаас оруулж ирсэн айрагны хулыг хэрэглэж байна. Хятад вааран дээрх зураг тийм ч тохиромжтой харагддаггүй л дээ. Тиймээс Монголын түүх соёл, ёс заншлыг харуулсан айрагны ваар бүтээх шаардлагатай юм байна гээд хийж эхэлсэн” гэв. Мөн ясны цагаан шаазангаар заан бүтээж. Энэ бүтээлийнхээ тухайд “Наймдугаар Богд хаан заан тэжээдэг байсан. Заандаа хувцас өмсүүлж, Богдын малгай хүртэл хийж өгсөн байдаг. Тиймээс богд малгай, хувцастай ясны цагаан шаазан зааныг бэлэг дурсгалын сувинер болгон бүтээсэн. Монголын түүх соёлын нэгээхэн хэсгийг өгүүлж байгаа учраас авчирлаа. Ер нь шаазан бол өөрөө дэлхийн олон улсад урлаг болтлоо хөгжсөн. Хүн төрөлхтний том соёлыг хадгалж, түгээж байдаг. Дэлхийн улс орнууд шаазангаар өөрийн түүх соёл, ёс заншлаа шингээсэн байдаг. Хятад шаазанг харсан хэн ч энэ бол хятад соёл мөн байна гэж мэддэг. Хятад хүний философи, аж амьдралын бүх зүйлийг шингээсэн байдаг шүү дээ. Оросын шаазан ч мөн адил. Орос соёл мөн байна гэж мэддэг. Үүнтэй адил Монгол Улс түүх, соёлоо, монгол хүний философийг, монгол гоо сайхныг дэлхий нийтэд шаазангаар дамжуулан таниулж, түгээх боломж байна гэж би хардаг” гэв. Харин гангар шаазангийн тухайд “Хийх технологи нь хэцүү биш, энгийн зүйл байгаа. Шил их орсон шаазанг л гангар шаазан гэж хэлж байгаа юм. Шилийг нь их хийгээд өгөхөөр шаазан гоё дуу гардаг, хөнгөн нимгэн, ялтгар цагаан өнгөтэй харагддаг. Манайхан ховор зүйлийг гоё гэж боддог шүү дээ” гэж тайлбарлаад шилэн хоргон дотроос цэнхэр хээтэй том цагаан аяга гаргаж ирснээ нэг хоёр зөөлөн тогшингуут ен ён гэж цуурайтан дуугарч байв. Үзэсгэлэнг сонирхож байгаа хүмүүс ч бүгд нэг нэгээрээ би барьж үзье гээд дамжуулан тогшиж үзэн дуугаргав.

Монголчууд шаазангийн үйлдвэртэй байсан. Одоо дахиад ийм үйлдвэр байгуулах боломжтой эсэхийг тэнд цугласан олон асуухад “Одоогоор манай улсад хятад шаазан ноёрхож байгаа. Дийлэнх зах зээлийг хятад шаазан эзэлж байна. Сүүлд Орос болон бусад орноос шаазан оруулж ирдэг болсон. Яг одоогийн байдлаар бол шаазангийн бизнес өрсөлдөөн ихтэй, зах зээлгүй байна. Харин шаазангаар бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргавал их амжилт олох магадлалтай гэж би хувьдаа боддог” гэсэн юм.

Хятад шаазанг хэрэглэхдээ бас анхаарах зүйл байгааг тэрбээр нэмж тайлбарлав. Манайд урдаас чанартай, чанаргүй олон шаазан эдлэл, аяга таваг орж ирж байгаа. Чанартайгаасаа илүү чанаргүй нь их байна. Гадуур хямд худалдаж байгаа хятад шаазан аягануудын хувьд хар тугалгын хольц их байдаг байна. Оросууд хятад шаазанг хэрэглэхээ больж, өөрсдөө шаазангийн үйлдвэртэй болсон шалтгаан нь ч үүнтэй холбоотой аж. Хар тугалгын хольцтой байдгийг мэдсэн учир дотоодын зах зээлээ өөрсдөө хангаж эхэлсэн. Хар тугалга нь хүний эрүүл мэндэнд сөрөг нөлөөтэй учир монгол хүн бүр чанартай саванд хоол хүнсээ хийж байвал сайхан байна” гэж тэрбээр ярьсан. Шаазан урлаг болтлоо хөгжсөн орны иргэд энэ ямар шавраар хийсэн, ямар найрлагатай шаазан болохыг нэг хараад мэддэг гэнэ лээ.

Манайд шаазангийн үйлдвэр байгуулахад шаазангийн шавар элбэг байна. Харин бусад түүхий эдээ гаднаас оруулж ирэх болно. Дэд бүтцээ сайжруулах, ажиллах хүчээ нэмэгдүүлж, сургаж, дадлагажуулах гээд олон зүйл шаардлагатайг сануулав.

Одоогоор Монголд шаазангаар дагнан уран бүтээл хийж байгаа хүн Х.Хадхүүгээс өөр байхгүй гэнэ. Тэрбээр 1991 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1993 онд Дүрслэх урлагийн коллежийг бакалавр, 2012-2015 онд СУИС-ийн дүрслэх урлагийн магистрт суралцаж, мастер хамгаалсан байна. Хоёр дахь удаагаа өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй нь энэ аж. Тэрбээр “Шаазангаар бүтээл хийнэ гэдэг бол хүнд ажил шүү дээ. Зүрх сэтгэлээ өгөхгүй бол хийхэд амар биш” гэж ярилаа. Түүний уран бүтээлийг үзсэн гадны хүмүүс хамтарч ажиллах санал тавьж байж. Харин Х.Хадхүүгийн хувьд өмнөө том зорилго тавьжээ. Түүний мөрөөдөл ойрхон байгаа учраас уран бүтээлч хүн мөнгөнд худалдагдах ёсгүй гэж өөртөө хэлдэг байна. Тэрбээр “Монголдоо өөрийгөө таниулаад зогсохгүй дэлхийд Монголынхоо соёлыг түгээхэд өөрийгөө зориулна. Дэлхийн түвшний бүтээл хийнэ гэсэн том зорилго тавьчихаад байгаа шүү дээ. Энэ мөрөөдөл маань мэдээж биелнэ. Миний хувьд хамгийн дуртай, хийж чаддаг зүйл минь учраас илүү их хичээнэ” гэв.

Гэр бүлээрээ уран бүтээлчид

Үзэсгэлэнг тараад гэрт нь ирлээ. Тэднийх Жуковт байдаг аж. Жилийн өмнө шинэ байранд нүүж оржээ. Манай шал доороосоо халдаг учраас дулаахан гээд хойд өрөөндөө дагуулж орлоо. Хоёр саруулхан өрөөтэй. Бүх зүйл эмх цэгцтэй. Хойморт байрлах шүүгээний хажууд цахилгаан оёдлын машин байгаа нь нүдэнд тусав. дээр нь цамц, эсгэсэн дээл харагдаж байгаа нь гэрийн эзэгтэй уран хүн болохыг илтгэж байв. Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн, охин Х.Гэгээндарьэх нар аавыгаа хүлээн, ширээгээ засаад хүлээж байсан юм. Гэрийн эзэгтэй зочдоо буузаар дайлав. Харин охин зурагтынхаа өмнө суугаад “Маша баавгай” хүүхэлдэйн кино үзээд ямар хүмүүс орж ирснийг ч харах сөхөөгүй байлаа. Гэгээндарьэх охин хоёр ойтой аж. “Яасан гоё нэртэй охин бэ. Уран бүтээлч хүн учраас охиндоо ийм нэр хайрласан юм уу” гэж асуухад “Манай эхнэр бид хоёр хоёулаа уран янз бүрийн юм оролддог. Манай эхнэр “Бөртэ чоно Гуа марал” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Аав, ээж хоёр нь уран бүтээлч юм чинь охин минь бас уран бүтээлч болбол их л сайхан байна даа” гэж хариуллаа. Энэ үед гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн “Манай нөхөр чинь миний багш байсан байхгүй юу” гэхэд “Нээрээ тийм бил үү, чамайг шавь байсныг чинь мартах шахаж” гээд эхнэр, нөхөр инээдэм болцгоолоо.

Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн нь Монутментийн мэргэжил эзэмшжээ. Модерн стилиэр уран бүтээлээ тууривдаг гэж тайлбарлав. Түүний мэргэжлийг тодотгох бүтээлийн хамгийн тод жишээ бол Зайсангийн хөшөө аж. Уран баримал, уран зураг гээд олон төрлөөр модерн стилиэр бүтээл тууривдаг мэргэжил гэж лавшруулав. Эхнэр, нөхөр хоёр хамтарч уран бүтээл хийхээр төлөвлөөд байгаагаа энэ дашрамд дуулгасан. Гэрийн эзэгтэй одоо ШУТИС-д Архитектурын ангид сурч байгаа юм байна. Уран бүтээлийнхээ ажлыг хийхээс гадна сургуульд сурна гээд цаг зав муутай ч гэр орныхоо ажлыг орхигдуулахгүй авч явахыг хичээдэг гэв. Юм оёх дуртай. Өөрөө хувцсаа хийгээд өмсчихнө. Хамгийн сүүлд охиндоо биеийн тамирын хослол оёж өгчээ. Нөхөр нь түүнд цахилгаан машин авч өгсөнд их баярлаж байгаагаа энэ дашрамд хэлэв. Тэрбээр “Гадуур явахаар таалагдсан хувцсаа олж авч чадахгүй тийм байдал эмэгтэйчүүдэд тулгардаг даа. Хэрвээ хүссэн, таалагдсан хувцсаа олж авч чадахгүй бол өөрөө загвараа гаргаад оёод өмсчихдөг юм. Загвар зохиогоод хувцас оёх их дуртай. Үзэсгэлэнгээ гаргахдаа өмссөн даашинз,цүнхээ өөрөө оёсон” гэв. Хоёр уран бүтээлч хүн хамт амьдрахад давуу тал их байдаг байх даа гэхэд “Би өөрийгөө их азтай эмэгтэй гэж боддог. Миний хань намайг бүх талаараа дэмждэг. Намайг юу хүсч, мөрөөднө тэр болгонд дэмжиж чадахаараа тусалж байдагт их баярлаж байна. Уран бүтээлч хүмүүс хамт амьдрахад сонирхолтой. Бие биенийхээ хийсэн бүтээл дээр санал дүгнэлт өгнө, шүүмжилнэ. Санал зөрөх тохиолдол гарвал ярилцаад илүү гоё шийдэлд хүрэх жишээтэй. Нэг нэгнийхээ ажлыг маш сайн ойлгоно. Манай нөхрийн ажлын байр нь ойр болсон учир амар байдаг болсон. Гэрийнхээ нэг давхарт байдаг болсон. Хэзээ ч дуудахад гүйгээд дээшээ гараад ирнэ шүү дээ. Намайг завгүй, эзгүй үед гэр орныхоо ажлыг нөхөр маань амжуулж өгдөг. Хэн түрүүлж ирсэн нь хоолоо хийчихнэ” гээд инээв. Харин гэрийн эзэн Х.Хадхүү “Ажил ойр байх нээрээ амар шүү. Хэрвээ шаардлагатай гэвэл шөнө гараад ч бүтээлээ хийнэ. Яаралтай захиалгатай ажил гарвал шөнө сууна. Автобус, унаанд зарцуулах цагаа ажилдаа зарцуулна. Мөнгө үрэхгүй. Хоолоо гэр рүүгээ ороод идчихнэ гээд давуу тал их байдаг” гэв. Ийн яриа өрнөж бид хооллож дуусаад гэртээ байгаа дурсгалтай зүйлсээ танилцуулав. “Хүмүүс манайхыг гэрээрээ дүүрэн шаазан эдлэлтэй байх гэж боддог юм шиг байна лээ. Яг үнэндээ уран бүтээлийг өөрөө хийнэ гэдэг их цаг зав шаарддаг учир цуглуулгатай хүмүүсийг гүйцэхгүй байж мэднэ. Хүний хийсэн бүтээлийг сонирхлоороо цуглуулдаг хоббитой хүмүүс байдаг даа. Шаазан эдлэл цуглуулдаг хүмүүсийн гэр орон үнэхээр үзэж харах юм их байдаг юм билээ шүү” гэв.

Гэрийн хойморт байрлах ханын шүүгээнд Х.Хадхүүгийн бүтээлүүд өрөөстэй. Гоё сайхан гэхээсээ илүү дурсгалтай, түүх өгүүлсэн учраас хадгалчихсан юм гэв. Тэрбээр 1991 онд сургуулиа төгсөөд дипломын ажлаараа Бямбын Ринченгийн зохиол “Шүхэрч Буниа”-гийн дүрийг шаазангаар хийжээ. Энэ бүтээлээ шүүгээний хамгийн дээд талд тавьжээ. Хажууд нь байгаа ноён гэмээр ууртай хүнийг дүрсэлсэн баримлыг “Юань гүрний үеийн нэгэн олдворыг орчин үеийн хэлбэрт оруулан урласан бүтээл. Юань гүрний сайдын хөргийн олдворыг сэргээж хийсэн юм. Миний хамгийн хүндтэй дурсгал” гэж тодотгов. Бас Ногоон дарь эхийн лааны тосон баримлыг сонирхуулсан. Мөн Дүрслэх урлагийн сургуульд элсэн ороод хамгийн анх хийж байсан шаазан аягаа хадгалжээ. Уг нь улаан өнгийн паалантай аяга хийх гэж байсан юм байна. Гэтэл шатааж хувиралд оруулахад хүрэн өнгөтэй болчихож. Анхны бүтээл бүтэл муутай болсон ч дурсган хадгалжээ. Мөн хуучин шаазангийн үйлдвэрт хийж байсан Цагаан дарь эх, Бурхан багшийн хөргийг дурсгал болгон олж авчээ. Бас “Амарбаясгалант” хийдийн дээвэр дээр байсан тогос шувууны олдвор эднийд байна. “Энэ олдвор музейд ч байхгүй шүү” гэж онцлов. Хөлбөмбөгийн спортыг их сонирхдог аж. Бразилий дэмждэг учраас “Бразил” гэсэн шар айрагны аягыг өөртөө зориулж хийсэн байна. Ер нь хэд хэдэн загварын шар айрагны аягыг сувинер болгон хийжээ. Үүн дотор домбо хэлбэртэй шар айрагны аяга онцгой аж. Х.Хадхүүг ийнхүү ярьж байх зуур түүний охин аавдаа тэврүүлэхээр дээшээ гараа өргөлөө. “Аавын охин чинь бас гоё зурдаг” гээд охиноо тэврэв. Ээж нь цаад өрөөнөөс орж ирээд “Миний охин чинь нэг настайгаасаа зурж эхэлсэн” гэлээ. Нэг настай хүүхэд зураг зурдаг гэж үү гэж биднийг лавлахад “Тийм ээ, үнэхээр гоё зурдаг ш дээ” гээд хар цүнхтэй зүйлийг гаргаад ирэв. Охиныхоо зурсан бүх зургийг хадгалчихсан байснаа үзүүлэв. Ээж нь “Энийг хар даа, морь зурсан байгаа биз дээ. Өөрөө зурчихаад “чүү, чүү” зурсан гээд ээждээ үзүүлсэн юм. Бас “Авгалдай” гээд хүүхэлдэйн киног үзэх дуртай юм. Тэгсэн хоёр авгалдайгаа зурчихсан байна. Цонхоор харах дуртай. Гэтэл гадаа байрны доор харагддаг модыг хүртэл их гоё дүрсэлж зурсан” гээд үзүүлэв. Хальт харсан хүнд охины зурсан зургийн дүрс тийм ч сайн анзаарагдахгүй байсан бол ээжийг нь тайлбарлаж өгөхөд охин үнэхээр сайн зурсан гэж дүгнэхээр байлаа. Өнгөний сонголт, дүрслэл энэ тэр сайхан болжээ гэж биднийг хэлэхэд охиноороо бахархсан ээжийн нүүрэнд баярын мишээл тодорч байв. Гэрийн эзэгтэй Б.Дарьсүрэн нь хүүхдийнхээ авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэх тал дээр их анхаардаг аж. Тэрбээр “Хүүхэд бүхэн төрөлхийн уран бүтээлч байдаг гэсэн. Харин түүнийг нь хөгжүүлэх нь чухал байдаг юм байна. Одоо манай хүүхэд цагаан толгойн бүх үсгээ мэднэ” гэж хэлээд “Миний охин өндөг гэхэд ордог “Ө” үсэг хаана байна, заагаарай” гэв. Охин ч гүйж ирээд ханан дээр байгаа цагаан толгойн үсэгнээс Ө үсгийг хуруугаараа заачихлаа. “Б” үсгийг заагаарай” гэхэд бас л заалаа.Миний охин ийм мундаг гээд хацар дээр үнсээд урамшуулав. “Хүүхдийг тоглодог тоглоомоор нь, дуртай зүйлийг нь ашиглаад юм заавал их амархан сурдаг юм билээ. Солонгос улсад таван настай охин долоон улсын хэлээр ярьж чаддаг гэж сонссон. Үнэхээр хүүхдээ хөгжүүлбэл, тийм чадвар байдаг юм байна” хэмээлээ. Залуу ээжүүд хүүхдийнхээ тухай ярих дуртай байдаг шиг Г.Дарьсүрэнгийн хувьд бас охиноороо бахархан энэ мэт олон зүйлийг ярьж өгсөн. Аав, ээж хоёр нь “Ганц охин минь бидний жинхэнэ урлагийн бүтээл шүү дээ” хэмээн ярьж буйгаас нь хараад гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай сайхан айл болох нь мэдрэгдэж байв.

Будаатай аяга хийх технологи хэцүү биш

Х.Хадхүүгийн ажил тэдний гэрийн нэг давхарт байрладаг учраас цахилгаан шатаар буугаад ажил руу нь орлоо. Санаа нийлсэн, юм хийдэг хэсэг залуучууд түүнтэй хамт ажилладаг юм байна. Гутал хийдэг, монгол дээл, арьсан эдлэлээр юм хийдэг залуучууд нэг дор ийнхүү сууж ажиллаж байлаа. Тэрбээр, юун түрүүнд будаатай аяга хийх технологийг бидэнд сонирхуулав. “Хүмүүс будаатай аяга хийхэд их хэцүү гээд яриад байдаг. Хэцүү биш л дээ. Технологи нь их энгийн, амархан. Би энд хэдийг хийчихсэн” гээд үзүүллээ. Нүх гаргаад будаагаа хийж пааландаад л болоо шүү дээ. Монголчууд нэг юмыг цуурч ярихаараа их итгэдэг юм байна. “Хэрвээ чи будаатай аяга хийж сурсан бол тэрбумтан болох байсан юм” гэдэг. Энэ бол тийм биш гэдгийг сониноор дамжуулаад хэлмээр байна. Миний хувьд бүх бүтээлээ гараар хийдэг. Шаазангийн үйлдвэрт ажиллаж байсан ахмадуудтай хамтарч ажиллаж байлаа. Надад их зүйлийг зааж сургаж, зөвлөсөн” гэв.

Монголын шаазангийн түүхийн тухайд “Дэлхийн шаазангийн түүхийг 5000 жилийн өмнө Хятадаас гаралтай гэж ярьдаг. Тэр дундаа Тан улсын үед шаазан урлагийн хэмжээнд очсон гэж үздэг. Үүнээс хойш 1000-аад жилийн дараа буюу 1700 оны үед Европт анх шаазан хийсэн байдаг. Миний хийсэн ясны цагаан шаазан чинь анх Англид 1800-гаад онд үүссэн байдаг. Харин энэ үед Хятадууд ясны цагаан шаазан гэж мэддэггүй байсан байгаа юм. Хятадууд сүүлд 1990-гаад онд ясны цагаан шаазан гэж байдгийг мэдэж байсан гэдэг. Юм хөгжинө гэж сонин байгаа юм шүү. Харин монголчуудын шаазангийн түүх Юань гүрний үеэс эхлэлтэй гэдэг. Юань гүрний үеийн шаазан олдворууд дээр нүүдэлчин монголчуудын ахуйг дүрсэлсэн байдаг. Тиймээс монголчууд шаазангийн эртний соёлтой орон юм. Харин шаазангийн орчин цагийн түүх 1955 оноос эхэлсэн. Халиуны Дагвадорж гэж малчин гаралтай хүн анх шаазангийн артерль байгуулж байж. Ингээд монголчууд шаазан хийх арга ухаанд суралцахын тулд Хятад, Орос руу явдаг байж. Тэгээд 1972 онд Шаазангийн үйлдвэр байгуулагдан 1900-2000 он хүртэл үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсан. Товчхондоо ийм байна” гэсэн юм.

Х.Хадхүүгийн хувьд шаазан урлалаар цаашдаа олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Шаазангаар бэлэг дурсгалын зүйлс хийхээр ажилдаа орсон байна. Шаазан өөрөө том соёл байдаг учраас гаднаас ирсэн зочид төлөөлөгчдөд шаазан сувинеруудыг бэлэглэхэд тохиромжтой гэв. Тиймээс монгол ахуйг харуулсан шаазан бэлэг дурсгалын зүйл хийхээр төлөвлөөд байгаа нь энэ аж. Түүний хувьд уран бүтээлээ хийхээс гадна захиалгаар олон зүйлийг хийнэ. Шаазан цуглуулдаг хүмүүс янз бүрийн захиалга өгдөг аж. Үүний хажуугаар ченжүүд түүний бүтээлийг хямд авч цааш нь дамлан үнэд хүргэн зарж байсан нь илэрчээ. “Шаазангийн үйлдвэрт хийж байсан сүүлчийн аяга” гэх мэтээр түүний бүтээлийг иргэдэд худал хэлж борлуулж байсан учир Х.Хадхүү захиалга авахдаа болгоомжтой ханддаг болсноо нуусангүй.

Х.ЦЭНД-АЮУШ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …