Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний II ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн энэ сарын эхээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын шийдвэрээр “НАТО-гийн медаль”-иар шагнагдлаа.
Ёслолын арга хэмжээнд Кабулын хамгаалалтын хүчний захирагч, бригадын генерал Айн Томас, түүний орлогч АНУ-ын дэд хурандаа Сиа Греавис, Кабулын хамгаалалтын ангийн захирагч, дэд хурандаа Веармаут болон Кабулын хамгаалалтын хүчний штабын бүрэлдэхүүн оролцлоо.
Арга хэмжээг цэргийн багийн захирагч Д.Сүхбат удирдсан бөгөөд Монгол Улсын Төрийн далбааг цэргийн жагсаалд залж, цэргийн багийн бүрэлдэхүүн болон хүндэт зочдод хандан үг хэлж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэснээр эхлүүллээ.
Энэ үеэр бригадын генерал Айн Томас бие бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ, “Монгол цэргүүдтэй хамтран үүрэг гүйцэтгэж байгаадаа туйлын их баяртай байна. Баазын аюулгүй байдлыг хангах гол чухал үүрэг болсон шалган нэвтрүүлэх байр, нисдэг тэрэгний талбайн хамгаалалт гэх мэт олон үүргийг нэр төртэй, чадварлагаар гүйцэтгэж байгаа Та бүхнээрээ баазын удирдлага болон нийт бүрэлдэхүүн бахархаж байгаа бөгөөд дараагийн цэргийн баг мөн танай багтай адил үүргээ сайн гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж онцлоод ажлын өндөр амжилт хүсэв.
Эх сурвалж:Зэвсэгт хүчний “Соёмбо” сонин.