Мэргэжлийн хяналтын байгууллага Цагаан сарыг угтан улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх шалгалт хийн, шаардлагатай арга хэмжээг тухай бүр нь авч байсны дүнд баярын өдрүүдэд нийтийг хамарсан хордлого гараагүй байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, нийтийг хамарсан хордлого, халдварт өвчнөөс сэргийлэх зорилготой энэ шалгалтад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 853 аж ахуйн нэгж, байгууллага, 2662 иргэн, 3450 объект хамрагдлаа.
Нийслэлийн шалгагдсан газруудын 46 буюу 14.7 хувьд шошгын зөрчилтэй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаж байжээ. ”Эрмон билэг”, “Талх чихэр”, “Русская зима” ХХК-ийн еэвэн, хэвийн боов, “SKY трейдинг” ХХК-ийн БНСУ-аас импортлосон “Gana” шоколад, “Binch biscuit”, “Butter coconut” жигнэмэг, “Gateau white” сake, “Chic Choc” цай, “ABC Chocolate”, “Kancho choco” чихэр, ”Бишрэлт трейд” ХХК-ийн БНСУ-аас импортлосон “АВС”-1297, “Fruits candy”-897ширхэг хоёр нэрийн чихэр, “Мандах газар” ХХК-ийн БНСУ-аас импортлосон сармистай зөгийн бал, “Баясах хульж” ХХК-ийн ХБНГУ-аас импортлосон хоёр төрлийн “Seista” хатаасан жимс, “Кингдом” ХХК-ийн хэвийн боов, “Манлай сүү” ХХК-ийн“Марио” цөцгийтэй тараг, Иргэн Б.Энхбаярын “Нийслэл” хэвийн боов, “Хаан хүнс” ХХК-ийн зайдас, “Зочин хүнс”, “Ану болор” ХХК-ийн утлагат хиам, “Бэст бэйкери” ХХК-ийн хэвийн боов, “Билгүүнтөгс оршихуй” ХХК-ийн /15кг/ бууз, “Уламжлалт хүнс” ХХК-ийн царцаамаг зэрэг нь шошгын зөрчилтэй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй гарсан тул хураан авч устгалаа.
Нийслэлээс татаж авсан зарим бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй байгаа зөрчил Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Орхон аймагт илэрлээ. Баян-Өлгий аймагт “Вавж Ёохор”, “Омар төре” цехийн орчноос арчдас авч шинжлэхэд сальмонелла, E coli илэрсэн учир зөрчлөө арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Мөн Тауба”, “Өгөөж барс”, “Болашах”, “Дөл” хүнсний дэлгүүр дэх хугацаа нь дууссан 8 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж, “Цамбагарав-Өгөөж”, “Баян-Цамбагарав” дэлгүүрт зарж байсан чанар, аюулгүйн шаардлага хангахгүй хиам, үхрийн махны цэлцэгнүүр, зөөхий зэрэг бүтээгдэхүүнийг устгажээ.
Орхон, аймгийн “Болор ууган” ХХК-ний бялуу, иргэн н.Туяагийн борлуулж байсан жимс чанарын шаардлага хангаагүй бол Төв аймагт БНХАУ-ын, хаяг, шошгын зөрчилтэй 17 төрлийн хатаасан жимс, самар, үрлэн чихэр, өнгөт үрэл “Контик”, “Еsfero”, “Love”набор, “Кисель”, “Маамуу”, “Дель”нэрийн чихэр, “От всегда сердца” нэрийн хатаасан лийр чанарын шаардлага хангаагүй тул хураан авч устгасан байна.
Дорнодаймгийн иргэн Х.Мөнхтуяагийн гарал, үүсэл тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй өндөг, Ховд аймагт гарал үүслийн бичиггүй 1372 ш өндгийг хураан авч, вакум ууттай байцаа, цагаан манжин, өргөст хэмх, чипсийг буцаан татуулжээ.
Дархан-Уул, Ховд, Өмнөговь аймагт нийтийн эзэмшлийн зам талбай, зөвшөөрөлгүй цэгт, ил задгай худалдаа эрхэлж байгаа 54 иргэнийг худалдааны битүү захад худалдаа хийхээр болгуулж, хүнсний бүтээгдэхүүний шошго, хадгалалтын хугацаа, нөхцөл, сав баглаа боодлын шаардлагыг хангуулжээ.
Дорноговь, Дундговьаймгийн худалдааны төвд зарж байсан, хадгалалтын горим зөрчиж хөлдөөсөн, чанар байдал нь алдагдсан, хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хураан авч устгасан байна.
Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь, Өвөрхангай, Төв, Сүхбаатар, Завхан аймгийн хүнсний зах, худалдааны төвөөр худалдаж буй импортын бүтээгдэхүүн гарал үүслийн бичиггүй, чанар байдал нь алдагдсан, муудсан, савласан бүтээгдэхүүнд хаяг шошго хийгээгүй, үйлдвэрлэсэн хугацаа бичээгүй, зөвхөн хадгалах хугацаа бичсэн зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулжээ.
Увс аймгийн худалдааны төв, дэлгүүрээс хадгалалтын хугацаа хэтэрсэн рулет, “Tiger”, “Три медведя” шар айраг, бяслаг, хатаасан жимс, өтгөрүүлсэн сүү, зөөлөн чихрийн цуглуулга, бялуу зэргийг хурааж аймгийн захиргааны Зөрчлийн улмаас хураагдсан эд зүйлийг устгах орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн байна.
Хяналт шалгалтын үеэр аж ахуйн нэгж, иргэдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгууллаа гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.