ЗАХ ЗЭЭЛИЙН ТОВЧ МЭДЭЭ:
Өнгөрсөн онд “Эрдэнэс Таван Толгой” компани Монгол Улсын нүүрсний экспортын 29 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Тус компанийн мэдээлснээр 2015 оны эцсийн гүйцэтгэлээр нийт 4.2 сая тонн нүүрс экспортод гаргаж, 114 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Экспортыг задлаад харвал Цанхийн баруун уурхайгаас 3.8 сая тонныг, үлдсэн хэсгийг Цанхийн зүүн уурхайгаас гаргасан байна.
Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны эхний сард өмнөх сарынхаас 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин өмнөх оны мөн үеэс 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа талаар УБСЕГ-аас мэдээлэв. Ерөнхий индекс нэгдүгээр сард жилийн өмнөхөөс 1.7 хувиар өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ 23.1 хувиар өссөн нь голлох нөлөө үзүүлжээ.
“Apple” компани 12 тэрбум ам.долларын бонд гаргахаар зэхэж байна. Бизнесийн энгийн үйл ажиллагаанд зарцуулагдах бондыг есөн хэсэг болгон гаргахаар төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. АНУ-д компаниуд шинээр бонд гаргахыг түр хориглоод байсан бөгөөд харин энэ хориг цуцлагдсаны дараа “Apple”-аас гадна “Toyota” зэрэг томоохон компаниуд бонд гаргахаар ажиллаж байна.
Баянхонгор аймагт Баянхөндийн алтны хайгуулын төсөл хэрэгжүүлж буй Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс” (TSE:ERD)компани уг төслийн хэсгээс илрүүлсэн хүдрийн дээжид металургийн туршилт хийсэн байна. Туршилтын дүнгээр Баянхөндийн алтны агууламж бүхий хүдрийг нуруулдан уусгах аргаар боловсруулахад алтны метал авалт 92-99% байх боломжтой гэсэн тун сайн дүн гарчээ.
Одоогийн байдлаар БНХАУ руу мах экспортлох зөвшөөрлийг баруун аймгийн гурван боловсруулах үйлдвэрт өгчээ. Дээрх гурван үйлдвэрийн хувьд 100 хоногт 4000 тонн мах бэлтгэх хүчин чадалтай юм байна. Үйлдвэрүүдийн махыг Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор тээвэрлэхээр болжээ.