Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Люксембургийн Зүрхний мэс засал, Интервэншнл Кардиологийн институтын захирал, доктор Жон Байзелыг Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Төрийн дээд шагнал “Найрамдал” медалиар шагнасныг Элчин сайд Х.Даваадорж гардуулан өгөв.
Монгол Улсаас БЕНЕЛЮКС-ийн орнуудад суугаа Элчин сайдын яам болон Люксембургийн Их Гүнт Улсад суугаа Өргөмжит консулын газар хамтран 2016 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Люксембургт зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Люксембургийн Зүрхний мэс засал, Интервэншнл Кардиологийн институтын хамт олон, Люксембургийн Гадаад хэргийн яам, Хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид болон Люксембургт ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл оролцсон юм.
Доктор Жон Байзел нь 2001 оноос хойш Люксембургийн Засгийн газрын санхүүжилттэйгээр хэрэгжиж буй “Монгол Улсад Зүрх судасны төв байгуулах төсөл”-д оролцож, зүрхний өвчин судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд тэрээр энэхүү төслийг цаашид ч үргэлжлүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм.