Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас өнгөрсөн 2015 онд махны экспортыг нэмэгдүүлэх, түүхий махыг хөрш орнууд руу худалдаалах чиглэлээр олон талт ажлыг хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд БНХАУ болон бусад улс руу анх удаа үхэр, хонь, ямааны түүхий махыг экспортлож эхэллээ. Тодруулбал, энэхүү ажлын эхлэл болгож өчигдөр Говь-Алтай аймгийн “Мон Тува” компани Бургастайн боомтоор дамжуулан БНХАУ руу 16 тонн хонины мах экспортоллоо. БНХАУ руу мах экспортлох үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Баруун таван аймгийн хувьд “Мон тува” компаниас гадна “Завханы хүнс”, “Хөвсгөл мах маркет” компаниуд үйлдвэрийн аргаар бэлдсэн махыг БНХАУ руу экспортлох эрхтэй юм.
Өмнө нь олон улс руу түүхий мах экспортлоход малын өвчлөл, шүлхий зэрэг нь гол саад болж байсан. БНХАУ-ын зүгээс манай улсад бүхэлд нь шүлхийн хорио тогтоогоод байсан бол өнгөрөгч 9 дүгээр сард шүлхийн өвчний эрсдлийн үнэлгээ шинжилгээ хийж 2015 оны 12 дугаар сард Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор зэрэг таван аймгийн түүхий махны шүлхийн хоригийг цуцалсан талаараа албан ёсоор мэдэгдсэн.
Түүнчлэн БНХАУ-аас гадна Вьетнам улсад гүн хөлдөөсөн хонь ямааны мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрлийг манай улсын 8 үйлдвэрт олгосон. Харин өмнө нь ОХУ-ын зөвхөн 3 мужид (БНБуриад улс, Эрхүү, Хакас) гаргаж байсан бол бүс нутгийг өргөжүүлж 8 муж шинээр (Чита, Амур, Хабаровск, Приморский, Өвөрбайгаль, БНТува, Автономит Еврейн улс, Чити)үхэр, хонь, ямааны махыг гаргахаар боллоо.
2015 оны 11 дүгээр сард “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүнийг Монгол Улс, БНХАУ-д экспортолж, импортлох үеийн хяналт, шалгалт, хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцлийн тухай” протоколд гарын үсэг зурсан. Ингэснээр өнөөдрийн байдлаар дулааны аргаар боловсруулсан үхэр, хонины мах, махан бүтээгдэхүүн болон адууны махан хөлдөөсөн бууз, баншийг Хятад улс руу экспортлох боломжтой болсон.
2016 оны эхний хагас жилд нийт 51400 тонн мах, үүнээс үхрийн мах 5800 тонн, хонины мах 18320 тонн, ямааны мах 15880 тонн, адууны мах 11400 тонн махыг олон улс руу экспортлох квотыг компаниудад олгогдоод байна.