А.Ариунболд: н.Бямбасүрэн, н.Энхбаяр нар Амгаланд гэрээ бариад амьдарч байна

Туулын бургасанд амьдарч байсан гэр бүлийн хоёр иргэнийг орон гэртэй болгох ажлыг “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн залуус зохион байгуулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тэр хоёр иргэнийг анх олж сайн дурын байгууллагатай холбосон хүн нь ЦЕГ-ын харьяа Хамгаалалтын гуравдугаар газрын ахлагч А.Ариунболд юм.

Бид А.Ариунболдтой уулзаж энэ талаар тодрууллаа.

-Тэр хоёр иргэнийг Туулын бургасанд амьдарч байгааг нь анх хэзээ мэдсэн бэ. Яагаад тэр хүмүүст туслая гэж шийдсэн юм бол. Гэрт нь түймэр гарсны улмаас гэр оронгүй болсон байсан гэсэн?

-Анх энэ сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туулын бургас орчимд эргүүл хийж яваад тэр иргэдийг олсон.  Бургасан дунд утаа гараад байхаар нь очиж үзтэл цаасан хайрцагаар хийсэн овоохойд хоёр иргэн амьдарч байсан. Ороод үзэхэд хичнээн ядуу ч гэсэн цэвэрхэн амьдарч байсан. Тэр хоёр иргэнтэй уулзаад ярихад,  Говь-Алтай аймгийн харьяат, Улаанбаатар хотод орж ирээд гурван жил болсон байсан. Мөн эхнэр н.Бямбасүрэн нь аваарт ороод зүүн нүд нь харахаа больчихсон, мөн баруун хөл нь гэмтэлтэй юм билээ. Группээ ч тогтоолгож чадаагүй ажилгүй иргэд байсан.

Анх уулзах гээд ороход л надад цай аягалж өгөөд монгол хүний ёсоор хандсан. Ер нь их сайхан сэтгэлтэй, зөв хүмүүс байна гэж бодоод туслая гэж шийдсэн.

 -Яг үүн шиг та нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад чинь  тусалмаар санагдсан, ядарсан хүмүүс хэр их тааралддаг вэ. Мэдээж энэ бол та бүхний ажил үүргийн чиг биш л байх л даа. Гэхдээ сэтгэл өвтгөмөөр тохиолдлууд гарна биз?

-Мэдээж тийм хүмүүс нилээдгүй тааралддаг. Жишээ нь гэр бүлийн асуудлаас болоод амиа хорлох гээд явж байсан хүнтэй таараад зогсоож байсан. Одоо бид нарт талархаад ирж уулздаг. Мөн нөхрөө алдсан эмэгтэй, ажилгүй болоод сэтгэл санааны нилээд хүнд байдалд орчихоод гурван настай хүүхдээ төөрүүлж хаяна гээд голын бургасанд аваад явж байхад нь бид зогсоож байсан. Тэр эгч дараа нь бид нарт үнэхээр баярласан гэдгээ хэлсэн. Хүүхэд нь одоо зургаан настай. Нийгмээ дагаад нилээд ядарсан хүмүүстэй их таардаг. Тэр бүртээ л харьяалагдах байгууллагад нь хандаж тусалдаг.

-Эдгээр хүмүүст туслахын тулд өмнө нь өөр байгууллага, хүмүүст хандсан уу. Эсвэл анхны оролдлогоор л туслах хүмүүс олчихсон уу?

-Би хэд хэдэн байгууллагад хандаж утсаар ярьж, биеэр очиж уулзаж үзсэн ч тодорхой хариу өгөөгүй. Группийг нь тогтоолгох гэж хүртэл хөөцөлдсөн. Тэр хоёр иргэн бичиг баримтгүй, дээр нь Говь-Алтай аймгийнх шилжүүлгээ хийлгээгүй учраас нилээд хугацаа шаардах ажил байсан. Тэгээд сүүлд нь фэйсбүүк хуудсанд тэр иргэдийн зургийг тавьсан. Эхэндээ хүмүүс хариу өгөөгүй л дээ. Харин дараа нь Ц.Сувд-Эрдэнэ гэж сайхан сэтгэлтэй бүсгүйтэй холбогдсон. Үүний ачаар Монголын ард иргэд маш их тусалсан. н.Бямбасүрэн, н.Энхбаяр хоёр өнөөдөр Амгаланд гэрээ барьж байгаа.

-Та өмнө нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байсан гэсэн?

-Өмнөд Судан улсын цэргийн багийн нэгдүгээр ээлжинд цагдаа, дотоодын цэргийг төлөөлж явж байсан.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Туулын бургасанд амьдарч байсан н.Бямбасүрэн,н Энхбаяр нар сайн санаат олон хүмүүсийн ачаар өнөөдөр шинэ гэртээ орж байгаа. Тэдэнд нийслэл гэлтгүй орон нутгаас ч гэсэн маш олон хүмүүс хандаж хоол унд болон хэрэгцээт зүйлсийг нь илгээсээр байгаа юм байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …