Хорих ял эдэлж байгаа иргэд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг төгсч, мэргэжилтэй боловсон хүчин болж байна. Өнгөрсөн онд л гэхэд 420 гаруй хоригдол мэргэжлийн үнэмлэхтэй болж, хүмүүжих хугацаандаа хөдөлмөр эрхэлсэн байна. Ингээд иргэдэд учруулсан хохирлоо тодорхой хэмжээнд барагдуулжээ.
Цагдан хорих ангиудад ял эдэлж байгаа иргэдийг ШШГЕГ МСҮТ-дөө сургаж сантехникч, цахилгаанчин, гагнуурчин, бетон арматурчин, тогооч, мужааны мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлж эхлээд байгаа юм. Чанга болон жирийн дэглэмээр хоригдож байгаа иргэд оёдол, хатгамал сурч, даалин хийж, түүнийгээ зах зээлд нийлүүлсэн. Энэ мэтчилэн тэд хоригдох хугацаандаа хөдөлмөр эрхэлж, түүнийхээ үр шимийг хүртэж байна.
Тухайлбал, хорих 409 дүгээр анги өнгөрсөн онд дэргэдээ гутлын үйлдвэрийг 75 сая төгрөгөөр байгуулжээ. Энэ үйлдвэрт өнөөдрийн байдлаар 30 ялтан хөдөлмөр эрхэлж байгаа юм байна. ШШГЕГ хорих ял эдэлж байгаа иргэдийг нийгэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор 2015 онд мэргэжлийн үнэмлэх олгох сургалтад анхаарч тогооч мэргэжлээр 81, бетон арматурчин 150, засал чимэглэлээр 111, мужаан 38, сантехник мэргэлжээр 83, гагнуурчнаар 41 гээд нийт 423 ялтныг сургаж, тэднийг мэргэжлийн үнэмлэхтэй болгосон байна. Өөрөөр хэлбэл, эргээд нийгэмд гараад бусдын адил ажиллаж хөдөлмөрлөхөд нь бодитой дэмжлэг үзүүлжээ.
Амьдралдаа алдаж эрх чөлөөгөө хязгаарлуулсан олон залуу, алдаагаа засаж, хөдөлмөрт суралцаж байна. Бүр зарим нь бичиг үсгийн боловсролд хүртэл хамрагдаж байгаа юм. Өнгөрсөн онд л гэхэд 287 хоригдол бичиг үсгийн боловсрол олгох сургалтад, харин 21 хоригдол ЕБС-ийн сургалтад хамрагджээ.