Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат сав баглаа боодлын үйлдвэрийн түүхий эдийг Монголд хийх боломжийн талаар мэргэжлийн холбоод үйлдвэр эрхлэгчидтэй уулзалт хийжээ.
Уулзалтад “Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо”, “Монголын сав баглаа боодлын холбоо”, “Мигма” ХХК, “Сэлэнгэ пресс” ХХК, “Сод пресс” ХХК, “Эко пак” ХХК, “ОВ пластик” ХХК, “Финпак” ХХК болон салбаруудын ахмад зөвлөхүүд, мод, цаасны үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэгч ААН-ийн төлөөлөл зэрэг 20 гаруй хүн оролцсон байна.
Энэ үеэр уулзалтад оролцогчдод сав баглаа боодлын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, сав баглаа боодлын түүхий эд болох цаас, шил, төмрийг манай улсад хийх боломжийн талаар танилцуулга хийсэн байна. Харин Монголын сав баглаа боодлын холбооны удирдах зөвлөлийнхөн “Манай салбарын үйлдвэрүүд цаасан хайрцаг, гялгар уут, хаяг шошгоны хэрэгцээг бүрэн хангах бололцоо бий болсон. Тийм учраас импортоор авч байгаа сав баглаа боодлын асуудалд анхаарах хэрэгтэйг чухалчилжээ.
Эх сурвалж: Аж үйлдвэрийн яам