Өнгөрсөн доло хоногт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус уулзалтын үеэр АНУ БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барьжээ. Умард Солонгосын өнгөрсөн сард хийсэн цөмийн туршилт болон энэ сард хөөргөсөн алсын тусгалтай пуужин зэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтоохоор төлөвлөж байгаа юм.
АНУ-ын танилцуулсан хориг арга хэмжээний төсөл Умардын эсрэг өмнө нь тогтоож байсан хориг арга хэмжээтэй харьцуулахад маш хатуу чанга байгааг ажиглагчид онцолж байна. Өнгөрсөн лхагва гарагт АНУ, БНХАУ хамтран Умардын эсрэг шинэ хориг арга хэмжээ хэрэгжүүлэх тогтоолын төслийг боловсруулж дууссан гэдгээ олон улсад зарласан юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд өргөн барьсан энэ тогтоолын төсөлд нисэх онгоцны түлш экспортлох болон Умардтай ашигт малтмалын худалдаа хийх зэрэгт хориг тавихаар тусгажээ.
Үүнээс гадна Умард Солонгосын хувь хүн, албан байгууллагын хилийн чанад дахь хөрөнгийг царцаах, гадаад орнуудад аялахыг хориглосон жагсаалтыг урьд өмнө байгаагүй хэмжээгээр өргөжүүлэх тухай заалт багтсан байна. Энэ тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл ОХУ болон бусад орны саналыг тусган, нэмэлт өөрчлөлт оруулсны дараа энэ 7 хоногт багтаан батлах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна.
АНУ, Хятадын боловсруулсан энэ тогтоол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр батлагдсан тохиолдолд Пхеньяныг цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө өргөжүүлэн тэлэхээс сэргийлэхэд хэр үр дүнтэй нөлөө үзүүлэх вэ? гэдгийг олон улс анхааралтай ажиглаж байгаа юм.