УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
-АН дотор МоАН гэж нэгдэл бий боллоо гэж байна. АН-д шинэ фракц бий боллоо гээд байх юм. Ямар учиртай юм бэ?
-Энэ бол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм. Үүсгэн байгуулах хуралд оролцсон, санаачилгад нэгдсэн хүмүүсийн дийлэнх нь улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө санаа зовнидог, нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог хүмүүс байгаа учраас улс төрийн байгууллага, эсвэл Ардчилсан намын гишүүдийн бүлэг, фракц гэж ойлгогдож байхыг үгүйсгэхгүй. Уг нь ардчиллын үнэт зүйлсийг сахин хамгаалах, зөв чиглэлд хөгжүүлэх үзэл санаан дор нэгдсэн сайн дурын байгууллага, нэгдэл, нийгэмлэг бий болох хөрс суурь, нийгмийн захиалга нэлээн эртнээс эхэлж, хэсэг бүлэг хүрээнд жил гаруйн өмнөөс яригдсан юм. Хэнийг ч хүчилж албадаагүй энэхүү санаачилга өөрийн энерциэрээ томорч явсаар өнөөдөр хэлбэрээ оллоо гэж ойлгож болно. МоАН нэгдэл ийм зарчмаар үүсч нэгтгэгдсэн төрийн бус байгууллага гэж ойлгох нь зүйтэй.
-Гэхдээ л өмнө нь улс төрд байсан одоо ч байгаа хүмүүс харагдаад байгаа болохоор л сонирхоод байна л даа?
-Улс төрд оролцоотой, төр засгийн шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан, одоо ч идэвхтэй ажиллаж байгаа цөөнгүй хүн МоАН санаачилгад нэгдээд байгаа нь үнэн. Энэ утгаараа нийгмийнхээ суурь, үнэт зүйлийг хөгжүүлэхийн тулд заавал “улс төр хийх, нам байгуулах” алба байхгүй. Ардчилсан нийгмээ арчилж тордох, засч залруулах, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахын тулд улс төр, улс төрийн намаас гадна ажиллаж байгаа олон зуун залуу, бизнесмэн, олон нийтийн байгууллагууд байдаг шүү дээ. Тэдний л адил бид үзэл санаа, үйл ажиллагаагаа нэгтгэж байгаа хэрэг. -Ардчилсан намын гишүүд байгаа болохоор нам доторх нам ч юм уу гэж хүлээж авч байна. Ардчилал гэдэг үгийг Ардчилсан намын өмч мэт хүмүүс ойлгодог?
-Ер нь ардчилал бол улс төрийн нэр томьёо биш. Ардчилал бол үндэсний хөгжлийн үзэл санаа юм. Тийм учраас иргэд чөлөөтэй эвлэлдэн нэгдэж, хөгжлийнхөө үндсэн үзэл санаа болох ардчиллыг уул усаа, газар шороогоо, эх хэлээ хамгаалж эвлэлдэн нэгддэг шиг хамгаалах л ёстой юм. Ардчилал л гэхээр л улс төр, улс төрийн нам, фракц, хувь хүнтэй холбож явцууруулж, жижигрүүлж ерөөсөө болохгүй юм.
-“Алтан гадас”-аас тасарсан гишүүд МоАН-ийг байгуулсан нь ямар юм бол. Алтан гадас фракц тарлаа гэж ойлгох уу?
-Энэ бол нээлттэй олон нийтийн байгууллага учраас манай байгууллагын үндсэн зарчим, үзэл санааг хүлээн зөвшөөрсөн, дэмждэг хэн ч элсч болох юм. Тийм учраас элссэн хүн өмнө нь болон одоо хаана юу хийж яваа нь огт хамаагүй. Тэр хүний дотоод бодол, цаад санааг тааж мэдэн түүгээр нь ангилж ялгаварлах нь боломжгүй төдийгүй зохисгүй юм. Таны асуултад тухайлаад хариулахад “Алтан гадас”-аас хэд нь дэмжээд байгааг бүртгэсэн зүйл алга. “Алтан гадас”-т харьяалалгүй хүн ч цөөнгүй байгаа байх. Нөгөө талаар таны асуултыг сонсоод улс төрд ойр хүмүүс улс төрийн нам, фракц биш олон нийтийн байгууллага байгуулахаар гайхаад байгаа юм болов уу гэж бодлоо.
-МоАН анхны хурлаа хийж 10 зүйл бүхий тунхаг гаргалаа гэсэн. Тунхгийн гол утга нь юу вэ?
-Ардчилал бол нийгмийн тогтолцоо, тасралтгүй үйл явц. Монголын ардчиллын хувь заяанаас улс эх орны аюулгүй байдал, хөгжил дэвшил шууд хамаарч байгааг бид мартаж болохгүй. Бидний ярьж хүсч байгаа шударга ёс, сайн сайхан оршихуй, тусгаар тогтнолын баталгаа нь ардчилал.
Гэхдээ энэ үйл явц маань цаг үе бүхэнд өмгөөлөл, арчилгаа, ухаарал шаарддаг зүйл юм. Бидний 26 жилийн түүхтэй ардчилал маань ямар ухаарал өгөв, цаашид ямар арчилгаа, өмгөөллийг биднээс шаардаж байна вэ гэдгийг бид тодорхойлж, Тунхаглал болгон гаргасан юм. Төрийн бус байгууллагын маань үзэл санаа, зорилго, үнэт зүйлийг багтаасан баримт бичиг, нэг ёсондоо Үндсэн хууль маань юм. Монголын ардчиллын үнэ цэнийг Тунхаглалдаа тусгасан. Тухайлбал, Монгол Улсыг ардчилалд шилж гэсэн болзлыг хэн ч бидэнд гаднаас тулгаагүй. Бидний эргэн тойронд хил дамнан орж ирэх ардчилал байгаагүй. Коммунист нийгэмтэй бүс нутгийн хамгийн гүнд нь байрлаж байсан ч ард түмэн маань ардчиллыг сонгосон. Ийм унаган ардчилалтай орон хуруу дарам цөөн. Мөн бид ардчилсан хувьсгалыг үг хэлэх эрх чөлөөнийхөө хүчээр ойлголцол, эв нэгдэл дунд тайван замаар хийсэн, одоо ч энэ зарчмаараа хөгжүүлж яваа. Үүгээрээ бахархах, бас үүнийгээ хадгалан хамгаалах ёстой. Гэх зэрэг энд тусгасан эрхэм зүйлсийг бид алдахгүй хадгалж, цаашид арчилж хөгжүүлж явах ёстой гэсэн үг.
-Зарим хүмүүс МоАН гэхээр МоАХ-той андуураад байна. МоАН гэдэг нь ямар үгийн товчлол вэ?
-Монголын ардчиллын нэгдэл гэсэн нэрийн дор нэгдэж байгаа юм. МоАН гэдэг өнөөгийн Ардчилсан намын унаган нэр, үүнтэй ижилхэн байна гэж хүмүүс хэлж байна. Ардчилсан нам анх л ардчиллыг Монгол Улсад хувьсгалаар авчирсан, хамгаалж бэхжүүлэх бат цайз нь байх үүрэг, хариуцлагатай улс төрийн хүчин. Энэ үүрэг, хариуцлагаа үргэлж ухамсарлаж, тэр нь удирдлага, гишүүдийнх нь үйл ажиллагаагаар цаг ямагт илэрхийлэгдэж байх ёстой. Ардчилсан нам ардчиллын үзэл санааг тээгч, өмгөөлөгч, хөгжүүлэгч нь байх энэхүү үүргээ бүрэн гүйцэд ухамсарлаж чадаж байна уу. Эсвэл үүнийгээ мартаад улс төрийн орон зай, албан тушаалд хүрэх арга зам болон хувирч байна уу гэдгийг бид шүүн ярьж, алдаа дутагдал байвал засч залруулах үүрэгтэй. Энэ утгаараа МоАН гэсэн товчлол язгуур үзэл санаа, үнэт зүйл бүхий тэртээх ерээд оны Ардчилсан намыг санагдуулж байгаа бол бас болохгүй юмгүй.
-МоАН-д орно гэвэл гишүүнчлэл бий юу. Хэрэв тийм бол намынхаа гишүүдээс элсүүлэх үү?
-Сайн дурын байгууллага учраас хэнийг ч гишүүнээр элсүүлэх талаар албадахгүй, гэхдээ бүрэн нээлттэй.
-МоАН-ийн үйл ажиллагааны гол чиглэл нь юу байх вэ. Гишүүдийг нь харж байхад АН-ын гишүүд байна. АН-ын дарга уг нь “Манай нам фракцгүй нам боллоо” л гээд байсан?
-Бид төрийн бус байгууллагын зарчмаар л ажиллана. Байгууллагын маань гишүүд улс төрийн намтайгаа хэрхэн ажиллах, улс төрийн ямар үйл ажиллагаанд оролцох нь бас л тусдаа асуудал. Энд нам доторх фракцийн үйл ажиллагаа огт яригдаагүй шүү. Ардчиллыг хамгаалах, өмгөөлөх, хөгжүүлэх нь бидний зорилго гэдэг товчхон хариулт өгье. Дээр дэлгэрэнгүй хариулт өгсөн гэж бодож байна. Ардчилал гэхээр л улс төр, улс төрийн нам, фракц, хувь хүнтэй холбож явцууруулж, жижигрүүлж ерөөсөө болохгүй юм.
Эх сурвалж: Өдрийн сонин