Өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Төрийн дум “Орос, Монголын Засгийн газар хоорондын санхүүгийн харилцааг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжиж баталснаар манай улсаас ОХУ-д төлөх ёстой нийт өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг тэглэхээр болж байгаа талаар бид мэдээлсэн. Ингэснээр манай улс ОХУ-д төлөх ёстой 3.8 сая ам.доллар буюу нийт өрийн гурван хувийг энэ сард багтааж төлөх болзол хүлээсэн.
Харин манай улс их өрийн үлдэгдэл болох 3 сая 832 мянга 515 долларыг ОХУ-д бүрэн шилжүүлжээ. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизовыг хүлээн авч уулзан ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг барагдуулсан тухай баримтыг гардууллаа.
Энэ үеэр Ерөнхий сайд “Их өрийн үлдэгдлийг хоёрдугаар сард багтааж төлнө гэсний дагуу Монголбанкны өнөөдрийн ханшаар 3 сая 832 мянга 515 долларыг Сангийн яам, Монголбанкнаас ОХУ-д шилжүүлсэн баримтыг гардуулж байна. Энэ нь хоёр улсын харилцаанд тэмдэглэгдэн үлдэх түүхэн өдөр юм. Энэ өрийг барагдуулснаар хоёр улсын хувьд цаашдаа эдийн засгийн олон боломж нээгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өрийн асуудлыг дуусгахад олон хүн ажилласан. Тэдэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүний өмнөөс талархал илэрхийлж байгааг дамжуулж өгнө үү” хэмээсэн юм.
ОХУ-ын Элчин сайд Искандер Кубарович Азизов “Хуучин ЗХУ, одоогийн ОХУ-ын өмнө Монгол Улсаас урьд нь хүлээсэн бүх санхүүгийн үүрэг эцэслэгдэж байна. Ингэснээр хоёр талд зээл санхүүгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж үүсч байна. Түүнчлэн Монгол Улс олон улсын зээл санхүүгийн зах зээлд гарах шинэ боломж нээгдэж байна гэж үзэж байна” гэдгийг онцоллоо.
Эх сурвалж: Мnb.mn