Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн хэсэг байгуулах ажлуудыг танилцуулахаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ҮАГ-ын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тус газраас хоёрдугаар сарын 29-ний өдөр зардлын тухай мэдээллийг өөрийн вэб сайт дээрээ байршуулсан билээ.
Сонгуулийн шинэ хууль гарсантай холбогдуулан сурталчилгааны хоног 45-18 болж бууруулж, телевизийн эфирээр гарах сурталчилгааны цагийг зааж өгч, өдөрт 60 минутаас илүү хугацаагаар сурталчилгаа хийхийг хориглосон. Эдгээр болон бусад шалтгаануудаар сонгуулийн зардлын дээд хэмжээг бууруулсан. Харин зардлын дээд хэмжээг давсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж.
Сонгогчид burtgel.mn цахим хуудаснаас өөрийн регистерийн дугаараар хайж, мэдээллээ шалгах боломжтой. Сонгогчийн мэдээлэлд нэр, эцгийн нэр, ургийн овог, нас, хүйс, хаяг, тойрог, хэсгийн хороо гэх мэт мэдээллүүд багтсан бөгөөд алдаатай зөрсөн мэдээлэл байвал БСЕГ-т хандаад зөрчлөө арилгуулах боломжтой юм байна.
Өнгөрсөн сарын 1-ний байдлаар 2,400,048 сонгуулийн насны иргэн бүртгэгдээд байгаа аж.
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо