Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 17 дугаар хуралдааны үеэр АСЕМ-ийн бэлтгэл ажлын албанаас дээд түвшний уулзалтад оролцох төлөөлөгчдийн тэргүүн, албан ёсны төлөөлөгчид болон ажлын хэсгийн гишүүд, сэтгүүлчдэд өгөхөөр компаниудын санал болгон ирүүлсэн бэлэг дурсгалын дээжийг үндэсний зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.
Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд сурталчлах зорилгоор бэлэг дурсгалын зүйлсийг хандивлах санал олноор ирж байгаа аж.
Дээд түвшний уулзалтын үеэр монгол үндэсний хэв загварыг хадгалсан, чанартай, өнгө үзэмжтэй, орчин үеийн стандартад нийцсэн бэлэг дурсгалын зүйлсийн нэгдсэн худалдаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд зочдод гардуулах бэлгийг ажлын албанаас тусгай комисс гаргаж, сонгон шалгаруулж авах юм. Одоогоор 10 гаруй компани ноос ноолуур, арьс шир, Монгол орны зургийн цомог, модон хүүхэлдэй, ном, товхимол зэрэг дурсгалын зүйлсийг ирүүлээд байна.
Эх сурвалж: АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг