“Нарантуул” Олон Улсын худалдааны төвд өчигдөр өглөө үүрээр гал гарсан. Тодруулбал, шөнийн 03:00 цагийн үед гал гарч тус захын бөс, барааны хэсэг галд өртсөн. Одоогоор галд 80 гаруй лангуу өртсөн гэх мэдээлэл буй. Гэсэн хэдий ч хичнээн түрээслэгчийн бараа бүтээгдэхүүн шатаж, устасныг тогтоогоогүй байна. Харин ажлын хэсгээс өгсөн урьдчилсан мэдээллээр бөс барааны хэсгийн 5700 орчим ам.метр талбайгаас 2500 орчим нь галд өртжээ.
Тэгвэл тус галыг зохион байгуулалттай тавьсан гэх мэдээлэл буй. Энэ талаар “Нарантуул” Олон Улсын худалдаааны төвийг үүсгэн байгуулагч Ш.Сайхансамбуу твиттертээ “Намайг чадах гээд байгаа бол надтай шууд үз. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” хэмээн жиргэсэн. Мөн “Нарантуул бол миний зах биш. Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Би хэн шатаагаад байгааг мэдэж байгаа” гэсэн.
Харин 2013 онд гарсан галын дараагаас түрээслэгчдийг “Нарантуул”-ын удирдлагууд бараа, бүтээгдэхүүнээ захад байрлуулахгүй, өөр газар түрээсэлж байрлуулахыг шаардах болсон байна. Өмнө нь түрээслэгчид бараагаа зориулалтын чингэлэгт түрээс төлж байрлуулдаг байжээ. Улмаар түрээслэгчид аргагүйн эрхэндмодон хайрцагт хийгээд лангууныхаа дор үлдээн, харуулуудад мөнгө төлөн харуулдаг болжээ.
Түүнчлэн түрээслэгчид галыг хэн нэгэн зориуд тавьсан байх магадлалтай гэж үзэж буй аж. Учир нь, “Бага төлбөр төлж худалдаа наймаа хийж байгаа биднийг байгалийн гамшиг, галын улмаас гэдэг шалтгаанаар шахан гаргаж, тэнд нь шинэ байгууламж барин үнэтэй түрээслэхийг бодож байж мэднэ” хэмээн “Үндэсний шуудан” сонинд ярилцлага өгчээ.
Мөн үл таних 5-6 залуу бөс барааны хэсэгт ямар нэг зүйл гурван удаа дэлбэлсэн гэх баттай бус мэдээлэл буй. Тодруулбал, гал гарахын өмнөх өдөр тэрэгчид хайрцагнуудаа байрлуулж байхад бөс барааны хэсгийн ойролцоох нэг лангуун дээр үл таних 5-6 залуу хөзөр тоглож байсан байна. Тэгээд тэрэгчдийн ажил дууссаны дараахан гурван удаа ямар нэг юм тэсэрч сонсогдсон бөгөөд түүний дараа гал гарсан гэх мэдээллийг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж хэлжээ. Дашрамд дурдахад, Нарантуул ОУХТ хяналтын камертай аж. Зарим ченжүүдийн бараа алга болоход камерын бичлэг шүүж олдог байна. Гэсэн ч ийм том хэмжээний гал гарчихаад байхад камерыг нь шалгаад гэмт этгээдийг олох боломжтой байхад “Камерын зарим нь ажиллахгүй” байгаа гэх тайлбарыг хэлж байгаа гэдгийг түрээслэгчид онцолжээ.
эх сурвалж: eagle.mn