Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад өвс тэжээлийн болоод бараа бүтээгдэхүүний тусламж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор Архангай аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Хашаат сумдад ажиллаа.
Аймгийн зүүн урд сум болох Хашаат сумын Номгон баг хаваржилт хүндэрч бод мал ихээр хорогдож байна.
Нийт 11 удаагийн их бага хэмжээний цас орсноос бага Номгоны ард өвөлжиж буй айлууд цасанд боогдож хаваржаандаа буух боломжгүй болсон байна.
Хүн бүлгүй малчны хотонд мал ихээр хорогдож буй нь ажиглагдаж байлаа.
Хэдийгээр Хашаат суманд зуншлага таатай болсон ч хадлангийн бэлчээргүй тул малчид худалдааны өвс тэжээл авдаг аж. Нөөцөлсөн өвс хэдийн дуусч улс, аймгийн нөөцийн өвс тусламжийг хэрэглэж буйгаа малчид ярьж байлаа.
Малчдын сэтгэл зовоож буй асуудал олон.
Тухайлбал хаваржаандаа буух, төл малаа эсэн мэнд хүлээж авах, туйлдаж, тамирдсан малаа урин дулаантай золгуулах гээд…
Хамгийн их сэтгэлий нь зовоож буй асуудал. Малчны зээлээ төлөх.
Ноолуур үнд орох болов уу? мах зараад нэмэр байхгүй яаж мөнгөтэй болно доо? 50% хямдарсан өвс тэжээлийг ч авах бэлэн мөнгө алга гэсэн малчид олон байлаа.
-Хэдэн малаа гэсээр ядарч байна уу? гэхэд
– Би яах вэ малдаа л өвс олчихвол гэж сэтгэл зүсмээр яриа өгч буй малчид олон байна.
Хүн бүлгүй малчдын хотонд оюутнууд, цэргүүдийг , сайн дурын ажилчдыг зохион байгуулан малчдад туслуулж хаврын уртыг хохирол багатай туулж болохсон болов уу?
Малчдынхаа цаг үеийн хүндрэл бэрхшээлийг бодон зээл хуйг нь уян хатан бодлогоор хойшлуулж болдогсон болов уу?
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас
Тэвдэж явахад тэвнээр тусалж уламжлалт мал аж ахуйгаа нуруундаа үүрч яваа хэдэн малчиддаа гар сунган тусалмаар…
А.Мандуул