Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын онцгой комисс 14:30 цагаас Шадар сайдын өрөөнд хуралдахаар болжээ. Нийт нутгаар цасан шуурга шуурч, олон арван хүн төөрч байгаа юм. Ор сураггүй алга болсон зарим хүнийг эсэн мэнд олоод байгаа аж. Түүнчлэн зам, даваа цасан боогдож, үзэгдэх орчин харагдахгүй байгааг холбогдох байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлж буй.
Төв аймгийн нутагт салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 18-20 м/с, томоохон голын хөндийгөөр 11-16 градус, бусад нутгаар 7-12 градус, Зуунмод орчмоор цас шуурч, салхи баруун хойноос 10-14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч, 9-11 градусын хүйтэн байна. Энэ шалтгаанаас болж Зуунмод сумын засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өнөөдөр түр зогсоожээ. Тус аймгийн Цээл, Заамар, Эрдэнэсант суманд эрчим хүч тасарсан тул хичээллэх боломжгүй болсон байна. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байна. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас 2016 оны 03 сарын 03-ны 21 цагаас эхлэн цаг агаарын нөхцөл байдал эрс хүндэрсний улмаас Авто замын хөдөлгөөнийг цаг агаарын байдал сайжирч зам даваа зорчих боломжтой болох хүртэл, тодорхойгүй хугацаагаар хаасан аж.
Эх сурвалж: Орон нутгийн Онцгой байдлын алба