Баян-Өлгий аймгийн ЗДТГазар, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын сүлжээтэй хамтран “Эмэгтэйчүүд нийгмийн хөгжилд” чуулга уулзалтыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн удирдлагууд болон тус аймагт үйл ажиллагаа явуулдаг эмэгтэйчүүдийн 13 төрийн бус байгууллагын аймгийн төв, сумдын төлөөллүүд оролцов.
Чуулга уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Х.Дармен “Эмэгтэйчүүдийн талархи төр засгаас баримталж буй бодлого, түүний хэрэгжилт” сэдвээр илтгэл тавиж нийт эмэгтэйчүүд, эхчүүдэд удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлсэн юм. Тэрээр илтгэлдээ Эх орны өнгө жавхаа, өрх гэрийн гэрэл гэгээ, улс орны түшиг тулгуур болсон үе үеийн элбэрэлт эхчүүд, эмэгтэйчүүд маань улс орон, төрөлх аймгийнхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж гарамгай гавъяа байгуулж ирснийг буурал түүх гэрчилнэ. Өнөөдрийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн олон хууль тогтоомжууд батлагдан гарч, хүчин төгөлдөр болоод байна. Шинээр батлагдсан Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд тус аймгийн 2671 хүн шинээр тэтгэвэр тогтоолгож, 2804 иргэн бүрэн тэтгэвэр авах боломж бүрдсэн юм. Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсанаар ахмад настнуудын амьжиргааны түвшин, амьдралын чанарыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг хангах эрх зүйн орчны дэвшилт болж байна. Улмаар бидний өмнө тулгамдсан хамгийн том асуудал бол эх, нялхсын эндэгдэл буурахгүй байгаа явдал гарцаагүй мөн билээ. 2015 оны жилийн эцсийн мэдээгээр эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлтөд 72,2 промиль байгаа нь баруун бүсийн болон улсын дунджаас дээгүүр хэвээр байна. Иймд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах зорилтын хүрээнд 2014 онд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд 1,8 тэрбум төгрөгөөр орчин үеийн Эмчилгээ, оношлогооны төв, мөн Яаралтай тусламжийн тасгийг шинээр байгуулж, Төрөх тасгийн орны тоог 32-оос 50 болгон нэмэгдүүлж мөн нэгдсэн эмнэлгийн лор, хүүхэд, төрөх, мэс заслын тасгуудад их засвар хийж, хатуу, зөөлөн эдлэлүүдийг нь шинэчиллээ. Алтай, Алтанцөгц, Баяннуур сумдаас бусад бүх сумын Эрүүл мэндийн төвүүдийг эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчтэй болгон Дэлүүн, Ногооннуур, Цэнгэл сумдын эмнэлэгт мэс засал хийх боломж бүрдүүлсэн хэмээн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж буй нэгээхэн хэсэг ажлынхаа тайланг тавьсан байна.